УИХ-ын өнөөдрийн /2025.01.16/ чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэхүү албан тушаалд Б.Саруул, Ш.Хандсүрэн, Л.Сонор нар нэр дэвшиж байгаа юм.
Тэднээс УИХ-ын гишүүн Ө.Шижир асуухдаа, "Койны орлого дээр татвар тооцдог болох юм уу, үгүй юм уу. Жишээ нь АНУ 37 хувь, Франц 45 хувь, Сингапур 22 хувь байна. Дараа нь, монголд нэг ч койн байхгүй. Блокчэйн технологи дээр суурилсан нэг ч койн байхгүй. Бүгд цахим залилан. Бүгд залилан. Энэ дээр та бүхэн ямар буурь суурьтай байна. Монголд гарсан 60 гаруй койн нэг нь ч блокчэйн технологи дээр суурилагдаагүй. Тийм болохоор цахим залилангийн орлого дээр татвар тооцох юм уу. Энэ асуудал хаана ч байхгүй, 2021 онд батлагдсан хуулинд ч зохицуулалт, заалт байхгүй байна. Тэгэхээр энэ асуудал дээр та бүхэн ямар гарц шийдэл харж байна" гэв.
Түүний асуултанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хариулахдаа, "УИХ-ын зүгээс энэ хуулийг санаачилж, өргөн барьж, батлах ёстой. Батлагдсан хуулийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй.УИХ-ын даргын захирамжаар цахим койн, криптовалюттэй холбоотой эрхзүйн орчныг тодорхой болгох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ө.Шижир гишүүн тэр ажлын хэсэгт орж өргөн барих ажлыг санаачилж хийхийг хүсье" гэлээ.