УИХ-ын өнөөдрийн /2025.01.16/ чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгооны асуудал яригдлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамцыг дэвшүүлсэн билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ярихдаа, “Санхүүгийн зохицуулах хороо өдгөө Монгол Улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулалт хийдэг байгууллага болсон. Хуучин бол зөвхөн ББСБ, Даатгал, Хувьцаат компанийг хариуцдаг байсан бол өнөөдөр арилжааны банкууд хүртэл энэ хороонд хамаардаг болсон. Би Т.Жамбаажамц даргыг дэмжиж байна. Үнэт цаасны зах зээлийн ихэнх хууль дээр өнгөрсөн дөрвөн жил хамтарч ажилласан. Гурван зүйлд анхаарч ажиллахыг даалгаж байна. Өнөөдөр төрийн өмчит компаниудын асуудлыг ярихаар нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг нь хөрөнгийн бирж дээр гаргах асуудал яригддаг. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавихыг анхаарууллаа. Бид хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авья гэх юм бол яалт ч үгүй жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг олж авах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид хэзээ ч 51-ээс дээш хувийг авдаггүй. Дандаа 30 хүртэл хувьд хөрөнгө оруулдаг. Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн 20 гаруй жил энэ асуудалд дорвитой зохицуулалт хийгээгүй. Хоёрдугаарт койны асуудал байна. Ковидын үеэр койны асуудал хүчээ авсан. Би тухайн үед санхүүгийн зохицуулах хороон дээр очоод “койны асуудлыг зохицуулалттай болго эсвэл хоригло” гэж хэлж байсан. Нилээн хүндэрсэн хойно нь бүртгэлжүүлж эхэлсэн. Эдгээр асуудлуудыг урьдчилж харж, зохицуулалт хийдэггүй. Дандаа хойноос нь хоцорч явдаг. Эдгээр асуудал дээр дандаа иргэд хохирч байна” гэсэн юм.