Төрийн банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн байршуулсан мөнгөнөөс хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээгээр завшиж байсан гэх хэрэг одоогоос зургаан жилийн өмнө гарсан.
Тодруулбал, Төрийн банкны Тээврийн товчоон дахь салбарын захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Алтанчимэг, VIP теллер Б.Мөнхсүрэн нар хуйвалдан хадгаламж эзэмшигчдийн дансны мэдээлэлд нэвтрэн их хэмжээний мөнгөтэйг нь мэдээд хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан хэрэгт холбогдсон байдаг.
Тэд банкаар тогтмол үйлчлүүлдэггүй, эсвэл өндөр настай, хадгаламждаа их хэмжээний мөнгөтэй иргэдийн мэдээллийг албан тушаалаа ашиглан судалж, мөнгийг нь барьцаалан зээл авч, хүүний төлөлт нэртэйгээр шилжүүлэн завшсан нь тогтоогдсон гэдэг. Нарийвчилбал, 2018 оны тавдугаар сарын 29-нөөс хойш 44 иргэний нэр дээр хоёр тэрбум гаруй төгрөгийн, 70 зээлдэгчийн нэр дээр 2.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй зээл гаргаж банкандаа их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгагдсан.
Тэгвэл тус хэрэг зургаан жилийн дараа дэнслэгдэхээр шүүхэд шилжжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3-2.1 /Залилах/, 21.10-2 /Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/ зүйл ангиар зүйлчилж, ялласан байна. Өдгөө Ч.Ариунгэрэл, С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн нар нь таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа аж. Тус хэргийн шийдвэрлэлтийн талаар бид эргэн мэдээлэх болно.