НҮБ-ын нэрийг барьж залилан хийжээ

НҮБ-ын нэрийг барьж залилан хийжээ

Интернет, олон нийтийн сүлжээнд болон цахим шуудан, утас, факс, мөн ердийн шуудангийн хаягаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын нэрийг барьсан, мөн НҮБ-ын ажилтан, эсвэл хамтрагч байгууллага, холбоотон гэж итгүүлсэн, хуурамч мэдээлэл бүхий имэйл, зурвас, мессежийн улмаас олон хүн цахим орчин дахь залилан, луйврын хохирогч болжээ. 

Иймд, НҮБ-аас олон нийтэд хандан хувийн мэдээлэл, ялангуяа санхүүгийн мэдээлэл нэхсэн, эсвэл их хэмжээний мөнгөн тусламж олгох, төсөл хөтөлбөрт хамруулах гэх мэт санал тавьсан хуурамч имэйл хаяг, олон нийтийн сүлжээн дэх аливаа залилангаас урьдчилан сэргийлж, цахим гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг анхааруулж байна.

Үүнд, НҮБ болон түүний системийн байгууллагууд нь шинээр ажилтан авах үйл явцын аль ч шатанд төлбөр, хураамж авдаггүй (өргөдөл гаргах, ярилцлага авах, боловсруулалт хийх, сургалтад хамруулах гэх мэт) бөгөөд өргөдөл гаргагчийн банкны дансны талаар мэдээллийг шаарддаггүй, төлбөр хураамж нэхдэггүй. НҮБ-д ажиллахыг хүссэн хэн бүхэн careers.un.org вэбсайт руу орж, Нээлттэй ажлын байрны зар гэсэн цэснээс зарлагдсан ажлын байрны мэдээллийг авах боломжтой. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой залилангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг employment-related fraud хаягаар авч болно.

НҮБ нь худалдан авах үйл ажиллагааныхаа аль ч үе шатанд (харилцагч, нийлүүлэгчийн бүртгэл, тендерийн материал ирүүлэх) ямар ч төрлийн хураамж, төлбөр авдаггүй. Худалдан авах үйл ажиллагаа хариуцсан хэлтэс гэсэн хаягаар НҮБ-ын худалдан авах үйл ажиллагаатай холбоотой сүүлийн үеийн зар мэдээллийг авах боломжтой.

НҮБ нь хувь хүн, албан байгууллагын банкны данс болон бусад хувийн мэдээлэлтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл шаарддаггүй. НҮБ нь мөнгөн шагнал, урамшуулал, мөнгө хөрөнгө, гэрчилгээ, АТМ карт, интернетийн залилангийн нөхөн төлбөр, тэтгэлэгт хөтөлбөр, сугалаа зэргийг санал болгодоггүй.

НҮБ нь тодорхой мөнгөн хураамж төлбөр хураах замаар цэргийн амралт, тэтгэвэр тэтгэмж олгох эсхүл албан үүргээс чөлөөлөгдөх зөвшөөрөл зэргийг олгодоггүй. НҮБ-ын нэрийг барьсан залиланд өртсөн иргэдэд хохирол барагдуулж мөнгөн дэмжлэг үзүүлдэггүй.

Дээр дурьдсан шаардлага бүхий санал хүлээн авсан хүмүүс ийм шаардлагад хянуур болгоомжтой хандахыг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас анхааруулж байна. Ийм төрлийн хуурамч захидал, мэдээлэл тараасан хүмүүст мэдээллийг нягтлалгүйгээр хувийн мэдээлэл, банк санхүүгийн мэдээлэл, бичиг баримтаа өгсний улмаас ихээхэн хэмжээний санхүүгийн хохирол амсах боломжтой. Цахим орчин дахь залилан луйврыг таслан зогсоохын тулд хууль, хяналтын байгууллагад хандахыг анхаарууллаа.