“Утааны сонсгол” зохион байгуулах ажлын хэсгээс /2025.01.13/-ны өдөр долоо хоног бүрийн лхагва гарагт дэд хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр/2025.01.15/ “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” сэдэвт дэд хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Энэ үеэр “Хашаандаа сайхан амьдрая” хөдөлгөөний тэргүүн Ц.Түмэнбаяр ингэж ярьлаа. Тэрбээр, “Утаанаас болж гурван том асуудал үүсч байгаа. Эрүүл мэндийн асуудлыг сайн дурын эмч нарын баг ярьдаг. Эрүүл мэндийн асуудлыг ярихад судалгаануудыг нарийн, тодорхой болгомоор байна. Нэгдүгээрт уушгины хорт хавдарт тамхи нөлөөлөөд байгаа юм уу, агаарын бохирдол нөлөөлөөд байгаа юм уу. Хэдэн хувьд нь агаарын бохирдол, хэдэн хувьд нь тамхи нөлөөлөөд байгаа юм гэдгийг эхлээд тодорхой болгомоор байна. Судалгаа байхгүй учраас эрүүл мэндийн салбарынхан нотолж чадахгүй байна.
Судалгаан дээр нь мөнгө төсөв тавигдахгүй байна. Яагаад судалгаа хийгдэхгүй байна гэхээр утааны бодлого хэрэгжүүлж байгаа хүмүүс ирэх жил утааг шийднэ гэж ярьдаг. 32 мянган зуух тараагаад, шахмал түлшнийхээ түүхий эдийг өөрчлөөд, ямар ч судалгаагүйгээр 50 мянган өрхийг газаар холбоод ирэх жил гэхэд утаагүй болно гэдэг.
Тийм учраас эрүүл мэндийн судалгаа шинжилгээ хийх онцын шаардлага байхгүй юм шиг ойлголт өгөөд байдаг. Хоёрт, эхийн эндэгдэл, ургийн гажиг гээд маш том асуудал ярьж байна. Нарийвчилж гаргах хэрэгтэй байна. Нэг сартай ураг, хоёр сартай урагт ингэж нөлөөлж байна, сүүлийн гурван сард утаа нөлөөлөөд байгаа юм уу, яаж нөлөөлөөд байгаа юм гэдгийг бодитоор судалмаар байна” гэлээ.