“Утааны сонсгол” зохион байгуулах ажлын хэсгээс /2025.01.13/-ны өдөр долоо хоног бүрийн лхагва гарагт дэд хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр/2025.01.15/ “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” сэдэвт дэд хэлэлцүүлэг өрнүүлж байна.
ВИДЕО:
Энэ үеэр ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын эмч Б.Ганзориг “Агаарын бохирдол хавдар үүсгэгч болох нь” илтгэлийг тавьлаа. Тэрбээр, Монгол Улс нийт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд 52:-т эрэмбэлэгдэж байгаа бол нас баралтын тоогоороо нэгдүгээрт орж байна. Агаарын бохирдол бол уушгины хавдрыг бий болгодог гэдэг нь тогтоогдсон. Уушигны хавдрын өвчлөлөөр Монгол улс дэлхийд 64-т, нас баралтаар 87-д эрэмбэлэгдэж байна. Түүнчлэн Монголчуудад элэгний хавдар үүсэхэд зөвхөн элэгний B, C вирусийн халдвар, архины эрсдэлт хүчин зүйлээс гадна нүүрсний шаталтаас үүсдэг диметильсульфид гэх бодис нөлөөлж буйг олон улсын хамтарсан судлаачид илрүүлжээ. 2015-2017 онд Монгол болон Баруун Европын орнуудаас цуглуулсан 379 элэгний хавдрын эсэд молекулын шинж чанарыг тодорхойлох судалгаа хийхэд зөвхөн Монгол улсаас ирүүлсэн 179 сорьцоос нүүрсний шаталтаас үүсдэг диметильсульфид хэмээх бодисоос үүссэн шинэ мутац илэрсэн тухай судалгааны өгүүлэл нийтлэгдсэн” гэв.