Гадаадын тагнуултай хамтран ажилласан гэх З.Санждорж, Д.Бямбажав нарыг прокуророос 15 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн 12 дугаар сарын 19-ны /2024.12.19/ өдөр болохоор товлогдоод байсан ч "прокурор сургалттай" гэх шалтгаанаар урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм. Энэ дагуу тус хэргийг шүүх хурал маргааш болно. Өмнө нь тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг нь "шүүгдэгч З.Санждорж эрүүл мэндийн шалтгаантай" гэх шалтгаанаар хойшилж байсан юм.
Ташрамд өгүүлэхэд, дээрх нэр бүхий хүмүүсийг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл буюу Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэргээр буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.