Хурд хамтлаг "Бүсгүй" уран сайхны киноны орлогоороо "хөдөө орон нутгийн эмнэлгүүдийн нярайн тасагт төхөөрөмж бэлэглэнэ" гэв

Хурд хамтлаг "Бүсгүй" уран сайхны киноны орлогоороо "хөдөө орон нутгийн эмнэлгүүдийн нярайн тасагт төхөөрөмж бэлэглэнэ" гэв

"Хурд" хамтлагийн "Бүсгүй" дуунаас сэдэвлэсэн уран сайхны киноны талаар өнөөдөр /2025.01.15/ мэдээлэл хийлээ.

Гавьяат жүжигчин, “Хурд” хамтлагийн продюсер Д.Отгонбаяр:  "Бид дэлгэцийн уран бүтээлээрээ дамжуулан нийгэм цаг үедээ эерэг хандлага төрүүлэхийг хүсч, зорьсон. Уг уран бүтээл "Хурд" хамтлагийн 32 дахь жил дээр дэлгэцийн бүтээл маань нээлтээ хийх гэж байна. Энэ бүтээл олон сайхан хүний хүч хөдөлмөр шингэсэн. Бид "Бүсгүй" уран сайхны киног болзооны кино гэж нэрлэсэн. Тун удахгүй бүх кино театруудаар гарч, үзэгчдийн хүртээл болно. Уран сайхны кинонд "Хурд" хамтлагийн анхны "Хар салхи" тоглолтын хэсгээс гадна эх орон, гэр бүл, аз жаргал, хайр дурлалыг кинондоо багтаахыг хүссэн. Кино зохиолыг хоёр жилийн хугацаанд бичсэн. Бид нийгэмдээ хүлээсэн үүргээ хүлээж, залуу шинэ уран бүтээлчдэдээ үлгэр дууриалал болохуйц хамтлагийн стандартыг тогтоож байгаадаа баяртай байна.

Монголын рок попын хөгжмийн ертөнцийн олон сайхан хамтлаг, дуучид уран сайхны киногоо хийгээсэй. "Хурд" хамтлаг түүхэн замналаараа анхны киногоо хийж байна. Бид ирээдүйд хийх олон ажлыг төлөвлөсөн. Бид 10 жилийн өмнө 20 жилийн ойгоороо АНУ-д алтан пянзаа хэвлүүлэн, тоглолтоо хийсэн. Тэр тоглолтын орлогоосоо хөдөө орон нутаг дахь сумын эмнэлгийн нярайн тасагт тоног төхөөрөмж бэлэглэсэн. Одоо 24 дэх сумын эмнэлэгтээ нярайн тоног төхөөрөмжөө бэлэглээд явж байна. Бид "Бүсгүй" уран сайхны киноны орлогоосоо энэ төслийг үргэлжлүүлж, хөдөө орон нутгийн эмнэлгүүдийн нярайн тасагт төхөөрөмж бэлэглэнэ. Бид ингэж л бусдад үлгэр дууриалал үзүүлж, байгаа бүхнээ хуваалцах ёстой" гэсэн юм.