Өнөөдрөөс Carplate цахим системээр улсын дугаарын захиалга авч эхэллээ

Өнөөдрөөс Carplate цахим системээр улсын дугаарын захиалга авч эхэллээ

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээсэн. Тэгвэл өнөөдөр /2025.01.15/ иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхлэхээр болжээ. Улаанбаатар хотод улсын дугаар олгох дээд хэмжээг тогтоож, шалгуур үзүүлэлт батлагдсантай холбоотой энэхүү системийг боловсруулан гаргаж буй.

Тиймээс арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн холбогдох мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой. Систем маш энгийн, ойлгомжтой харагдана гэдгийг албаныхан мэдээлсэн.

-АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААР ХЭРХЭН ЗАХИАЛАХ ВЭ?-

Иргэд төрийн танилт нэвтрэлтийн дан систем ашиглан “Carplate” систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгох юм.  Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй юм. 

Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн тухайн өдрийн статистикийг тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системээс харах боломжтой аж.