Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 оны нэгдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.
-МОНГОЛ, ТУРК ХОЁР УЛС ӨДГӨӨ “ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛ”-ИЙН ХАРИЛЦААТАЙ-
Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Турк Улсад 20 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм. Монгол Улс болон Турк улсын харилцаа МЭӨ III зуунд өнөөгийн Монголын газар нутаг дээр байгуулагдсан Хүннү гүрний үеэс эхээ авч олон мянган жил өртөөлөн уламжлагдсаар өнөөг хүрсэн. Хоёр улс 1969 оны зургаадугаар сарын 24-нд хоорондоо дипломат харилцаа тогтоосон. Туркийн тал 1996 оноос Улаанбаатарт ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаа бол Монгол улсын ЭСЯ 1997 оноос Анкарад ажиллаж байна. Мөн Станбул хотод Монгол улсын Ерөнхий консулын газрыг 2013 онд нээсэн юм. Хоёр улс өдгөө “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа хөгжүүлж буй.
Ерөнхийлөгч асан Н.Багабанди 1998, 2004 онуудад БНТУ-д айлчилж байсан бол Улсын Их хурлын дарга асан З.Энхболд 2013 онд, Ерөнхий сайд асан М.Энхболд 2006 онд, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн 1992 онд Туркт тус тус айлчилж байжээ.
Харин Туркийн талаас Ерөнхийлөгч С.Дэмирэл 1995 онд, А.Н.Сэзэр 2002 онд, ҮИХ-ын дарга М.А.Шахин 2010 онд, Ж.Чичек 2014 онд, Ерөнхий сайд Р.Т.Эрдоан 2005, 2013 онд, Шадар сайд Хакан Чавушолу 2018 онд, Гадаад хэргийн сайд М.Чавушолу 2015 онд Монголд тус тус айлчилсан байна. Иймд энэ удаагийн манай улсын Ерөнхийлөгчийн айлчлал төрийн тэргүүний түвшинд тус улсад хийж буй хоёр дахь айлчлал юм. Мөн 1992 оноос Турк улсын Засгийн газрын тэтгэлгээр монгол оюутнуудыг Турк улсад суралцуулдаг болсон бөгөөд тухайн үед оюутны тоо 30 орчим байсан бол 2005 онд Турк улсын ерөнхий сайдын айлчлалын үеэр 50 оюутныг суралцуулдаг болж тоог нэмсэн. Улмаар дээрх тоог 100-д хүргэхээр ажиллаж байгаа юм.
-ЭНЭ УДААГИЙН ТӨРИЙН АЙЛЧЛАЛААР ТАЛУУД БОЛОВСРОЛЫН САЛБАР, ЗАЛУУЧУУДЫН САЛБАР, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРНА-
2012 оноос Турк улсын иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрланс” компани Улаанбаатар-Станбулын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлснээр хоёр улсын хоорондох эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа улам идэвхжиж, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа сайжирч, дэд бүтцийн харилцаанд нэлээдгүй түлхэц өгсөн юм. Мөн 2014 онд хоёр орны иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих болсон. Ингэснээр мөн хоёр орны хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэж, аялал жуулчлалын салбар илүү хөгжиж буй. Улмаар Монгол Улс, БНТУ-ын тал 2013 онд хоёр орны худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилт тавьж байсан бол энэ нь 2022 онд биелэлээ олж, 110 сая ам.долларт хүрчээ.
Харин энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Айлчлалын үеэр талууд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгаль орчин, уул уурхай, зам, тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Сонирхуулахад, Бүгд Найрамдах Түрк Улсын Ерөнхий сайд Тайип Эрдоан 2013 онд Монгол Улсад айлчлах үеэрээ Улаанбаатар хотод Анкарагийн гудамжийг нээсэн. Тус гудамжийн засварт 2010 онд 700 мянган ам.доллар зарцуулахаар тохирсон байдаг. Мөн БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2002-2017 оны хооронд нийт 28 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоод буй. Ийнхүү олон талын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж буй оронд хийж буй манай улсын төрийн тэргүүний айлчлал өнөөдөр эхэллээ.