Найман настай С.Удвал захирал цэцгийн дэлгүүртээ цэцэг усалж, зураг зурах дуртай /ВИДЕО/

Найман настай С.Удвал захирал цэцгийн дэлгүүртээ цэцэг усалж, зураг зурах дуртай /ВИДЕО/

Яг л цэцэг шиг… Тод шар даашинзтай, өхөөрдөм бяцхан С.Удвал бол фэйсбүүк хуудсандаа 49 мянган дагагчтай “Удвалын цэцгийн дэлгүүр”-ийн эрхлэгч. Хорвоо ертөнцийг хайр, аз жаргалаар хөглөн байдаг цэцэг, бүсгүй хоёр нэгэн хөрснөөс соёолж, өдөр бүр нар руу тэмүүлж, гоо үзэсгэлэнгээ гайхуулсаар. Бяцхан С.Удвалыг энэ хорвоод мэндлэхэд эмээ, ээж хоёр нь охиндоо зориулж “Удвал Гарден” ХХК-ийг байгуулж, “Удвалын цэцгийн дэлгүүр” түүнтэй хамт мэндэлсэн түүхтэй. Ингээд ээж охин хоёртой ярилцсаныг хүлээн авна уу. 

ВИДЕО:

-Сайн байна уу. Юуны өмнө үзэгчдэд өөрсдийгөө танилцуулахгүй юу?

С.Удвал: Намайг Саруулын Удвал гэдэг. Би найман настай. Удахгүй зун болоод би есөн настай болно. “Удвал” компани 2018 оноос эхлээд миний нэрээс аваад “Удвалын цэцгийн дэлгүүр”-ийг ажиллуулж эхэлсэн. Миний нэр бол цэцэгний нэр.

Ээж П.Саруул: Сайн байна уу. Би “Удвалын цэцгийн дэлгүүр”-ийн гүйцэтгэх захирал Саруул байна. “Удвалын цэцгийн дэлгүүр” одоогоос найман жилийн өмнө манай охиныг төрдөг жил бид онлайн дэлгүүр нэртэйгээр байгуулж байсан. Охиндоо зориулаад цэцгийн дэлгүүрийнхээ нэрийг “Удвалын цэцгийн дэлгүүр” гэж нэрлэсэн байгаа.

-Ээж эмээ хоёр нь чамд зориулж ийм гоё цэцгийн дэлгүүр нээснийг чи хэзээ анх мэдсэн бэ?

С.Удвал: Би энэ дэлгүүрийг дөрвөн наснаасаа мэдсэн. Өдийг хүртэл энэ дэлгүүрийг ажиллуулж, надад зориулж ийм гоё цэцгийн дэлгүүр бий болгосныг мэдэхэд надад маш гоё санагдсан. Бас энд би маш олон найзуудтай болсон.

-"Удвалын цэцгийн дэлгүүр"-ийг нээх болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

Ээж П.Саруул: Манай охин 2016 онд төрсөн. Яг тэр жил ээж бид хоёр хоёулаа ажилгүй, гэртээ байсан. Би уул уурхайн компанид ажилладаг байж байгаад цомхотголд орсон. Манай ээж тэр үед тэтгэвэрт гараад удаагүй байсан болохоор ургамал тариад түүнийгээ үржүүлээд үрсэлгээ хийгээд зардаг байсан. Ээжийг хараад байсан чинь хүмүүс ээжид маш их хандаж, мянган төгрөг, гурван мянган төгрөгөөр аваад эхэлсэн. Ээж намайг фэйсбүүк дээр групп нээгээд өгөөч гээд гуйдаг байсан. Би жаахан төвөгшөөдөг байсан. Яваандаа надад ээжийн олж байгаа мөнгө нь, бизнес нь хөгжөөд байгаа юм шиг санагдсан. Юу тарина түүнийгээ хураана гэдэг шиг. Тэгээд цахим хуудас нээгээд өгсөн чинь санаанд багтамгүй маш олон хүмүүсээс захиалга орж ирсэн. Тэр үед охин минь гэдсэнд би жирэмсэн байсан. Ээж бид хоёр машинтай цэцгээ хүргэдэг болсон. 5000 төгрөгийн цэцэг хүргэлт үнэгүй гэхээр хүмүүс маш их ханддаг байсан.

Цэцгийн бизнесийн гол онцлог нь салаалаад ургаад үржээд байдаг. Цэцэг авдаг, цэцэг тарьдаг, сонирхдог хүмүүсийн дунд жирэмсэн охин ээжтэйгээ цэцэг зардаг гээд сонирхол нэгтэй хүмүүсийнхээ дунд танигдаад эхэлсэн. Ээж охин хоёр цэцэг зардаг. Эндээс авчихья. Бие давхар бүсгүйгээс цэцэг авчихлаа гээд бас хөөрхөн бэлэгшээдэг байсан. Охиноо төрсний дараа ч гэсэн бид хоёр охиноо өлгийдөөд, машинтайгаа үрсэлгээгээ зараад явдаг байсан. Монголчууд хүүхэд хүнсээ дагуулж ирдэг гэж ярьдаг. Удвал маань бидэнд ийм сайхан гэр бүлийн бизнес өгсөнд их баярладаг.

С.Удвал: Арав хоногт нэг удаа усалдаг. Услаад услаад хар даа, ийм гоё болчихдог. Жаахан муухай бор болчих юм бол хайчлаад гоё болчихдог.

Ээж П.Саруул: Би өөрөө захирал нь байна аа гээд яваад байхыг боддоггүй. Охиноо манай захирал байгаа юм аа гээд танилцуулаад явдаг. Яваандаа өөрт нь хэрэгтэй байх гэж боддог.

-Найман настай С.Удвал захирал компанийнхаа үйл ажиллагаанд хэрхэн оролцдог вэ?

С.Удвал: Сард нэг удаа л дэлгүүр дээр ирдэг. Манайх Наран плаза, Наран малл, Чандмань, Парко гээд таван салбартай.

Ээж П.Саруул: Одоо л охин минь дэлгүүр гэж юу болохыг мэдээд анхаарч эхэлж байгаа. Жаахандаа бол нэг их анзаардаггүй байсан. С.Удвал дэлгүүр дээрээ өдөр бүр ирээд юу болж байна гээд хараад байхгүй ч гэсэн маш хөөрхөн санаа гаргадаг. Тэрэнд нь их дуртай.

С.Удвал: Ийм олон зураг зураад, дэлгүүрээ чимэглэдэг.

Ээж П.Саруул: Илүү залуу хүүхдүүд ч юм уу, трэндээ дагамаар байна. Тийм болохоор охинтойгоо зөвлөөд юу зарвал, яах вэ гэдэг талаар охинтойгоо зөвлөдөг. Зургадугаар сарын 24-нд охины төрсөн өдөр болж, дэлгүүрийн ойн баяр болдог. Тэгэхээр бид жилдээ нэг удаа бүх бараагаа 50 хувь хямдруулдаг. Яг тэр өдөр охин маань хүмүүст бас цэцэг бэлэглэдэг. Бас нэг гоё юм нь өнгөрсөн жилээс өөрийнхөө санаачлагаар баярын өдрүүдийг тохиолдуулж хямдрал зарлая гэдэг санаа гаргадаг болсон. Өнгөрсөн намар бид Halloween баяраар 20 хувийн хямдрал зарласан. Тэр бол ээж бид хоёрын санаа биш. Яг С.Удвалын санаа байсан. Энэ мэтээр дэлгүүрийн үйл ажиллагаанд оролцдог.

С.Удвал: Би цэцгийн дэлгүүртээ цэцгээ услаад, зураг зураад суухыг мөрөөддөг.