"Хоолны газар үрлэн сумтай буу гаргаж танхайрсан" хэргээр торгуулсан З.Шинэчагтага эмэгтэй хүний биед халдсан эрүүгийн хэрэгт мөн холбогджээ

"Хоолны газар үрлэн сумтай буу гаргаж танхайрсан" хэргээр торгуулсан З.Шинэчагтага эмэгтэй хүний биед халдсан эрүүгийн хэрэгт мөн холбогджээ

Холимог тулаанч З.Шинэчагтагыг "Хоолны газар үрлэн сумтай буу гаргаж танхайрсан" гэх хэргээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл холимог тулаанч З.Шинэчагтага нь мөн бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан эрүүгийн хэрэгт холбогджээ.

Тодруулбал, тэрбээр Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт холбогдсон байна. Улмаар тус зүйл ангиар түүнийг прокуророос яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тус хэргийг шүүх хурал энэ сарын 15-ны өдөр болохоор товлогдсон байна. Харин тус хэргийн хохирогч нь М.Номин-Эрдэнэ гэх эмэгтэй байгаа аж. Үүнээс үзвэл холимог тулаанч З.Шинэчагтага нь эмэгтэй хүний биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсан бололтой. Хэрэв шүүхээс түүнийг гэм буруутайд тооцвол тэрбээр гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдэж магадгүй юм. 

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-ийн 1-д "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө