Монгол Улсын иргэд сүүлийн жилүүдэд гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэх хэргээр ял шийтгэгдэх тохиолдол цөөнгүй гарах болсон.
Тухайлбал, яруу найраг Ц.Хулан нь гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх үндэслэлээр шүүхээс 8.1 жилийн хорих ял шийтгэгдэж, өдгөө Хорих байгууллагад ял эдэлж буй бол "Монголын Их Хүрээ" хийдийн хамба лам, зурхайч З.Санждорж нь мөн л гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэх үндэслэлээр цагдан хоригдож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь товлогдоод байгаа.
Тэгвэл гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэх дахин нэг хэргийг Тагнуулын байгууллагаас шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлджээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Д.Нямжав гэх иргэнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт зааснаар буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан гэх зүйл ангиар яллаж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн байна. Тус хэргийг шүүх ирэх даваа гарагт буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр хэлэлцэхээр товлоод байгаа аж. Харин тухайн гэмт хэрэгт холбогдсон Д.Нямжав гэгч нь өдгөө ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа юм байна.
Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ