ХӨСҮТ-өөс өнөөдөр /2025.01.10/ томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч н.Доржбурам эмнэлэгт нөхцөлд байдал ямар байгаа талаар мэдээлэл өглөө.
ВИДЕО:
-ГЭРТЭЭ БАЙЖ БАЙГААД ХАЛУУН ЗҮЙЛД ТҮЛЭГДЭХ, УГААРТАХ ЗОЛГҮЙ ТОХИОЛДЛУУД ОРЖ ИРЭХ БОЛСОН-
Тэрбээр "Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 12 дугаар сарын сүүлийн хоёр долоо хоногт ачаалал дээд цэгтээ байсан. Бид нийт 330 ортой. Үүн дээр сайдын тушаалаар нэмэлт ор дэлгээд 400 орон дээр 600 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байсан. Өнөөдрийн байдлаар 400 орон дээр 375 хүүхэдтэй, орны ачаалал 30 хувиар буурсан байна. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар хоногтоо 12 сарын сүүлээр 350-400 хүүхэд үйлчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 150-200 хүүхэд үйлчлүүлж байна. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 7 хувь нь уушгины хатгалгаа, арав орчим хувь нь уушгины хатгалгаатай байна. Уушгины хатгалгаатай хүүхдүүдийн 10 хувь нь маш хүнд хүүхдүүд эзэлж байгаа. Эрчимт эмчилгээнд нийтдээ хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 50 хувь нь маш хүнд байдалтай байна. Хүүхдийн яаралтай тусламжаар 24 цагт ирж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь ханиад томуу, ханиалгах, халуурах, бөөлжиж, гүйлгэх шинж тэмдэгтэй байна.
Орны ачааллын хувь, өвчлөл хэдий буурч байгаа ч суурь эмгэгтэй хүүхдүүд маш хурдан хүндэрч орж ирж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд гэрийн дэглэмээ сайн сахих, олон нийтийн газраар хүүхдүүдээ авч явахгүй байх, маскаа сайн зүүх, хараа хяналтаа сулруулахгүй байх хэрэгтэй. Сургууль цэцэрлэг амарсантай холбоотой ахуйн осол гэмтэлд өртсөн хүүхдүүд орж ирэх хандлагатай байна. Тухайлбал, гэртээ байж байгаад халуун зүйлд түлэгдэх, угаартах иймэрхүү золгүй тохиолдлууд мэр сэр орж ирэх болсон. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хараа хяналтыг сулруулахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.