Монгол Улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2023 оны нэгтгэл тайлан гарчээ

Монгол Улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2023 оны нэгтгэл тайлан гарчээ

Монгол Улс 2006 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад нэгдэн орсноос хойших 18 дах удаагийн тайлангаа гаргалаа.

Засгийн газар, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, цацраг идэвхт бодисын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч, бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий аж ахуйн нэгжүүдийн 2023 оны тайлангуудыг нэгтгэж, салбарын өнөөгийн байдлыг танилцуулсан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайлан гараад байна.

Монгол Улсын төрийн бодлогын үндсэн чиглэлд тусгасны дагуу Эрдэс баялгийн салбарыг ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчмаар хөгжүүлэх, байгалийн баялгаас олж буй орлогыг олон нийтэд нээлттэй болгох, оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн тус тайланг Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллийн оролцоотой нэгтгэн гаргадаг.

Энэхүү тайланг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны захиалгаар Монголын “ЭсАйСиЭй” /СИКА/, Гроуф Файненс аудит компаниудын түншлэл боловсруулан бэлтгэн гаргав. Уг тайланд 2023 онд 8,1 их наяд төгрөгийн дүн нэгтгэгдсэн. Улсын нэгдсэн төсвийн орлогын 29.9 хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн бөгөөд үүний 56.2 хувийг нүүрс олборлогчид дангаараа бүрдүүлж ажилласан байна. Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 7,679.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,072.9 тэрбум төгрөг буюу 40.0 хувиар өссөн байна. Уул уурхайн салбар нь ДНБ-ий 28.7 хувийг эзэлсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өссөн, экспортын орлогын 86.5 хувь буюу 24.7 хувиар өссөн, төсвийн орлогын 31.6 хувийг бүрдүүлсэн байна.