Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай эрэгтэй Д гэгч нь өнгөрсөн зун 16, 32 настай эмэгтэйг хөнөөгөөд уг гэмт үйлдлээ нуусан далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан байхад нь цагдаагийн байгууллагаас олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар мэдээлж байсан билээ.
Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж дуусаад прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Ингэхдээ бусдын амь насыг хохироож, гэмт үйлдлээ нуун далдлахыг оролдсон Д гэгчид Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсэг буюу хоёр, түүнээс олон хүнийг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт үйлдсэн хэмээн ялласан байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцвол, 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай юм. Одоогоор тус хэргийг шүүх хурал товлогдоогүй байгаа аж.
Хэргийг эргэн сануулахад уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр "Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 21 /2024.06.21/-ны өдрийн 07:10 цагт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх мэдээлэл ирсэн.
Уг мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар мөн дүүргийн прокурорын газар тус тус хамтран хэргийн газарт холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутагт оршин суух 20 настай эрэгтэй Д нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-ийн амь насыг хохироосон.
Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр 2024 оны 20-21-нд шилжих шөнө 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг тус тус хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэмт хэргийг бүрэн гүйцэт шалгах, ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Д-г яллагдагчаар татаж, цагдан хорьсон" гэх мэдээллийг өгч байсан юм.