АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн түймэр идэвхтэй тархаж, суурьшлын бүсэд нэвтрээд буй.
Одоогийн байдлаар түймрийн улмаас таван хүн нас барж, 150 иргэнийг албадан нүүлгэн шилжүүлж байна. Өнөөдөр өглөө албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр суурьшлын бүсэд 1,500 орчим барилга байгууламж түймэрт өртжээ. Цаашлаад 15 мянган барилга байшин нэмж шатах эрсдэлтэй байна. Түймрийн хамгийн том голомт Палисэдс орчимд асаж улмаар Лос Анжелес хотын хойд эргийн суурьшлын бүсэд нэвтрэн 6,400 га талбайг шатаажээ. Уг гал түймрийг унтраахаар 1400 гаруй гал сөнөөгч ажиллаж байна.
Тэгвэл Лос Анжелес дахь Монголчуудын холбооноос гал түймрийн улмаас үрэгдсэн хүмүүс тэдгээрийн ар гэр, орон гэр, өмч хөрөнгөө алдсан хүмүүс болон, тэдгээрт туслан өдөр шөнөгүй ажиллаж буй онцгой байдлын ажилчдад туслах хандивын аянг эхлүүлжээ.