Япон Улсын TBS телевиз, түүний Монгол дахь зохицуулагч “Ваёо Эйрт”-ХХК хамтран бүтээсэн “Vivant” 10 ангит киноны 2 ангийг Монгол Улсад бүтээхэд зарцуулсан зардлын тодорхой хувийн буцаан олголтыг Кино урлагийн зөвлөлийн санал дүгнэлтэд үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Сайдын тушаалаар буцаан олголтын урамшуулал болох 2 тэрбум төгрөгийг олголоо.
Кино урлагийг дэмжих тухай хуульд заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгоно.” гэсний дагуу “Ваёо Эйрт”-ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр буцаан олголт авах хүсэлтээ Кино урлагийн зөвлөлд албан ёсоор ирүүлсэн тул хуулийн дагуу нягтлан шалгасны үндсэн дээр дээрх буцаан олголтыг ийнхүү олгов.
Сонирхуулахад, Японы алдарт жүжигчин Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи тэргүүтэй уран бүтээлчдийн оролцон тоглосон уг кинонд Монгол Улсаас МУСТА жүжигчин Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр нар хамтран ажилласан нь манай уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар, нэр хүндийг гадаад улсад сурталчлан таниулсан томоохон үйл явдал болсон юм. Киноны хэсэгчилсэн зураг авалтыг Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Өмнөговь аймаг, Хэнтий аймаг, Дундговь аймагт хийж 45 уран бүтээлч, 110 гаруй орчуулагч, жолооч, 50 гаруй ажилтан, 3000 орчим иргэд олны хэсгийг хамруулан ажиллажээ.
Мөн уг киноны Монгол дахь зураг авалтын зохицуулагч, координатораар ажилласан “Ваёо Эйрт”-ХХК нь Япон Улсын “ТВS” телевизийн онцгой эрхтэйгээр “Nippon travel agency” аялал жуулчлалын компанитай хамтран киноны зураг авалт хийгдсэн маршрутаар Монгол орноо жуулчдад сурталчлах ажлыг энэ онд зохион байгуулсан ба 120 хүний бүрэлдэхүүнтэй 4 удаагийн нийт 818,136,000 төгрөгийн үнийн дүн бүхий аяллыг албан ёсны аяллыг амжилттай зохион байгуулаад байна.
Дээрх буцаан олголтын урамшуулал олгодог болсноор манай улсыг зорин ирж кино уран бүтээл хийх хүсэлтэй гадаадын продакшнуудын сонирхол нэмэгдэх, кино уран бүтээлээр дамжуулан аялал жуулчлалыг дагасан эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол бүхий үр дүнтэй алхам болж байгаа билээ.