Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл "Төлбөртэй бүс" болгож түүгээр зорчсон иргэдээс 27500 төгрөг авдаг болох Х.Нямбаатарын хуулийг Р.Эрдэнэбүрэн өргөн барихаар болжээ

Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл "Төлбөртэй бүс" болгож түүгээр зорчсон иргэдээс 27500 төгрөг авдаг болох Х.Нямбаатарын хуулийг Р.Эрдэнэбүрэн өргөн барихаар болжээ

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж, УИХ-аар батлуулсан.

-ТӨЛБӨРТЭЙ БҮСЭЭР НЭГ УДАА ЗОРЧИХОД 27500 ТӨГРӨГИЙГ ТӨЛНӨ-

Түүний боловсруулсан энэ хуулийг 2023 оны арванхоёрдугаар сард УИХ-аар баталж, өнгөрсөн оноос мөрдөж эхэлсэн. Үр дүнд нь хөдөө орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас илүү хугацаагаар зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлдаг болж, иргэд Улаанбаатарын серитэй дугаарыг худалдаж авч чадахгүй болсон. Хотын дарга Х.Нямбаатар анх өргөн барихад нь тус хуулийн хоёрдугаар бүлэгт “Замын хөдөлгөөний төлбөртэй бүс, авто зогсоол” байгуулахаар тусгасан байв.

Тухайлбал, тус хуулиар Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгож,  тус бүсээр нэвтэрсэн бол нэг удаагийн төлбөрийг 0-27 мянган төгрөг байхаар тогтооно гэж байлаа. 

Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд яг энэ хэсэг олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан учир төлбөртэй бүсээр зорчиход төлбөр авах тухай заалтыг Хотын дарга Х.Нямбаатар эргүүлэн татсан байдаг.  Тэгвэл түрдээ эргүүлэн татсан уг төслийг тусад нь хуульчилж, УИХ-д өргөн барихаар болжээ. Гэхдээ Х.Нямбаатар өөрөө биш 20 минутын хот Үндэсний хорооны дарга буюу сайд Р.Эрдэнэбүрэнгээр тун удахгүй өргөн бариулах нь. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатараас тодруулахад, “Би мэдэж байгаа ч энэ талаар ярьмааргүй байна. Р.Эрдэнэбүрэнгээс асуугэх хариултыг өчигдөр өгсөн юм. 

-ТӨЛБӨРТЭЙ БҮСЭЭР ЗОРЧСОН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ БОЛ ИРГЭНИЙГ 50 НЭГЖТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО-

Цаашлаад тус хуулийн төсөлтэй хамт Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж,  "Замын хөдөлгөөний төлбөртэй бүс"-ийн төлбөрийг хуульд заасан хугацаанд  төлөөгүй бол зөрчлийг арилгуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тус төлбөрийг нэг сарын хугацаанд төлнө гэдгийг ч дагалдуулж хуульчилжээ.

Х.Нямбаатарын эргүүлэн татсан төсөлд "Замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд оршин суух хаягтай иргэний тээврийн хэрэгслийг 90 хувиар, татвар төлөгчөөр бүртгүүлэн, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон зөвшөөрөлтэй такси үйлчилгээний тээврийн хэрэгслийг 50 хувиар төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ. 

Харин тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэж замын хөдөлгөөнд оролцох хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага, хүн, мал эмнэлэг, цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон дохиолол хамгаалал, даатгалын шуурхай алба, хот тохижилт, техникийн хяналт болон замын арчлалт, засвар үйлчилгээ, хяналт шалгалтын зориулалттай шуурхай ажлын болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.2, 6.5-д заасан байгууллагын тээврийн хэрэгсэл, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тээврийн хэрэгсэл, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, бүрэн дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тээвэрлэх зориулалтаар зөвшөөрөл авсан асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тээврийн хэрэгсэл;, чиглэлийн тээврийн хэрэгсэл, сургууль, цэцэрлэг, ажилчдын автобус, бүх төрлийн унадаг дугуй, мопед, мотоцикл зэрэг нь төлбөртэй бүсээр үнэгүй зорчино" гэж заасан байдаг. Эдгээрээс бусад нь бүгд төлбөрөө төлөөд зорчих юм.