Автотээврийн жолооч нарт хяналт, шалгалт хийж, торгуулиа төлөөгүй жолоочийн автомашиныг газар дээр нь журамлаж, жолоодох эрхийг хасаж байна гэх мэдээлэл иргэдээс ирсэний дагуу уг журам ямар хуулийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн, хэн баталсан талаар болон иргэд энэ шийдвэрт ямар байр суурьтай байгаа талаар сурвалжиллаа.
ВИДЕО:
-ЗӨРЧЛИЙН ТУХАЙН ХУУЛИЙН 3.8 ДАХЬ ХЭСЭГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСНЫ ДАГУУ ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧИД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЭХЭЛЖЭЭ-
Монгол Улсын зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хууль болон зөрчлийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2.5 дахь хэсэгт, Зөрчил үйлдэж, торгох шийтгэлийг хугацаанд нь төлөөгүй нь энэ хуулийн 3.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэл болно гэж заажээ.
Улмаар тухайн хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий прокурор болон ХЗДХ-ийн сайдын хамтарсан журам өнгөрсөн оны гуравдугаар сарын 13-ны өдөр батлагдсан байна.
Сонирхуулахад, Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайхан, Хууль зүй дотоод хэргийн сайдаар Б.Энхбаяр нар ажиллаж байсан. Уг журамд, Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн
- "Эрхийг хязгаарлах, эрх бүхий албан тушаалтан, шүүх болон эрх бүхий байгууллага хооронд мэдээлэл солилцох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
- Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг прокурор, эрх бүхий байгууллагын алба хаагч нарт үүрэг болгосугай.
- Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга (Ц.Батболд), Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Л.Нямгэрэл) нарт тус тус даалгасугай гэх тушаал гаргажээ.
Өөрөөр хэлбэл тухайн журамд тээврийн хэрэгслийн жолооч зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулсан бол тухайн торгуулийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл болон бодох аргачлал зэргийг тусгаж өгсөн байгаа юм. Ингээд хяналт шалгалтын үеэр олон торгуультай тээврийн хэрэгслүүдийг илрүүлж, одоо торгуулиа төлж барагдуулах хэрвээ төлж барагдуулахаас татгалзсан тохиолдолд тээврийн хэрэгслийг нь түр саатуулаад торгууль төлөгдсөний дараа тээврийн хэрэгслийг нь өгөх эс бөгөөс жолоодох эрхийг хасах арга хэмжээ авч байгаа аж.
-ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ 120 ГАРУЙ ЖОЛООЧИЙН ЖОЛООДОХ ЭРХИЙГ НЬ ХАСЖЭЭ-
Иймд бид уг шийдвэрт иргэд ямар байр суурьтай байгаа талаар болон шийдвэрийн хэрэгжилт хэр байгаа талаар сурвалжиллаа. Ингээд 10 минутын хугацаанд ТЦА-наас хоёр машин зогсоон шалгахад нэг нь 8 торгуультай, нэг нь 16 торгуультай жолооч байв. Тэдний ихэнх нь суудлын бүсээ хийгээгүй гэх зөрчилтэй. Ийнхүү газар дээр нь торгуулиа төлүүлэх шаардлагыг Цагдаагийн алба хаагч тавихад татгалзаж, бухимдаж байсан юм. Улмаар бид холбогдох албан тушаалтнуудаас хэдэн төгрөгөөс дээш торгуультай автомашины жолооч нарт уг арга хэмжээг авч байгаа талаар тодрууллаа.
ТЦА-ны УСХ-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг, “Өнөөдрийн байдлаар 3-10 хүртэлх торгуультай 300 мянга орчим, 100-аас дээш торгуультай 500 орчим жолооч байна. Эдгээр жолооч нарыг хяналт шалгалтаар илрүүлж, торгууль төлөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Торгуулийн хэмжээ 450 мянга буюу түүнээс дээш хэмжээтэй байвал шүүх рүү шилжүүлээд эрх бүхий албан тушаалтанд шүүхээр шийдүүлэх хүсэлтийн хамт явуулж, тухайн жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх шийдвэр гаргаснаар нийтэд тустай ажил хийж, торгуулиа барагдуулах байгаа. Өнөөдрийн байдлаар 120 гаруй жолоочийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан байна” гэлээ.
Харин энэ шийдвэрийн талаар иргэд, “Ард иргэд маш их татвар төлж байна. Иргэдээ бодох биш цаанаас гаргасан шийдвэрийн дагуу автоматаар бид нарыг шахаад байгаад бухимдалтай байна. Бид нар ч бас цалингаас цалингийн хооронд зүтгээд хэцүү л байгаа шүү дээ” гэсэн юм.