Ирэх аравдугаар сарын 1-нээс өмнө Улаанбаатар хотод бүртгэлтэй 1278 автобусыг хийн түлш рүү шилжүүлнэ гэв

Ирэх аравдугаар сарын 1-нээс өмнө Улаанбаатар хотод бүртгэлтэй 1278 автобусыг хийн түлш рүү шилжүүлнэ гэв

Засгийн газрын өнөөдрийн /2025.01.08/ хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, Засгийн газрын гишүүдийн саналыг авч, нэн яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах үндсэн ажлын хүрээнд нийтийн тээврийн автобусыг үе шаттайгаар хийн түлш рүү шилжүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Агаарын бохирдлын 30-аас доошгүй хувийг автомашинаас үүдэлтэй бохирдол эзэлж байна. Нийслэлд 804,656 автомашин бүртгэлтэй байгаагаас 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах утаанд хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг. Улаанбаатар хотод 1278 автобус бүртгэлтэй, өдөрт 1128 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг байна.

Эдгээр автобусны 84 хувь нь Евро-5 стандартын шатахуун ашигладаг бол 2025 оны аравдугаар сарын 01-ний дотор нийтийн тээврийн автобусыг хийн түлш рүү шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж.