Унгар улс Монголоос ажиллах хүч авахаа зогсоожээ

Унгар улс Монголоос ажиллах хүч авахаа зогсоожээ

Унгар Улсын Засгийн газар Гуравдагч орны иргэдийн Унгар Улсад зорчих, оршин суух тухай хууль, тогтоолд (цаашид: Цагаачлалын хууль) өөрчлөлт оруулж 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тогтоол үйлдсэн ба уг тогтоол нь 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байна.

Өөрчлөлт орсоноор 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Унгар Улсад гуравдагч орноос зөвхөн Гүрж болон Армени улсын иргэд зочин ажилчинаар ажиллах болон хувиараа үйл ажиллагаа явуулах зорилгоор виз (оршин суух эрх) мэдүүлж байхаар болжээ. Харин 2007 оны болон 2023 онд шинээр баталсан Цагаачлалын хуулийн дагуу оршин суух эрх олгогдсон гуравдагч орны иргэд шинээр баталсан хуулийн дагуу оршин суух эрхээ зохих зорилгын дагуу сунгуулах (одоогоор 2+1 жил) болон дахин оршин суух эрх авах өргөдөл, хүсэлтээ Цагаачлалын албанд гаргаж болно.

Дээр дурдсан хоёр төрлийн визийг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Унгар Улсын ЭСЯ-ны Консулын хэлтэст (Монгол Улсад 90 хоногоос дээш оршин суух эрх буюу “D” төрлийн визийг VSF Global төвд мэдүүлж байгаа) мэдүүлсэн бол энэ хуульд орсон өөрчлөлт визийн процесст нөлөөлөхгүй болно. Унгар Улсын Засгийн газар нь Европын Холбооны Улсууд дотороос цагаачлалын асуудлаар маш хатуу бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд Цагаачлалын хуулиндаа өөрчлөлт оруулж гуравдагч орноос ирж буй зочин ажилчдын тоог багасгаж өөрийн иргэдийг ажлын байраар хангах үүднээс 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн урьд нь ажиллах хүч авч байсан Филиппин, Индонези, Казахстан, Монгол, Вьетнам, Бразил, Киргиз, Венесуэл болон Колумб Улсаас иргэд авахаа зогсоосон байна.