Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдоржийн үед шүүгч болсон хүмүүс эзэндээ үйлчилж байна /ВИДЕО/

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдоржийн үед шүүгч болсон хүмүүс эзэндээ үйлчилж байна /ВИДЕО/

П.Цагааныг баривчлах тушаалыг Шүүх хүчингүй болгосон асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд тодруулга өгчээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Энэ хэрэгтэй холбоотой бүтэн мэдээллийг цаасаар аваагүй байна. Хууль зүйн сайд надад танилцуулах байх. Олон нийтэд хандаж хэлэхэд шүүхтэй холбоотой асуудал байна гэдгийг удаа дараа илэрхийлж байсан. Ц.Элбэгдорж, Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хамаарал бүхий ойрын этгээдүүдэд манай шүүх огт үйлчилдэггүй. Эрдэнэтийн 49 хувийн асуудал хэдэн ч удаа дээд шүүх рүү очив. Хэдэн ч удаа анхан шат руу буцав. Миний мэдэж байгаагаар 10 гаруй жил боллоо. Би үүнийг ярихгүй байж болно. Гэхдээ бодит байдал ийм л байна.

Нэгдүгээрт, Гашуунсухайт-Ганцмодын хэлцэлтэй холбоотой. Гашуунсухайт-Ганцмодын хэлцлийг сая хоёр улсын Засгийн газар гурав дахь төлөөллийг оролцуулахгүй байхаар гэрээ хийгээд энэ хэлцэл байгуулагдах эхний баримт бичиг батлагдсан. Ц.Элбэгдоржийн сонирхол бол Тавантолгойг өөрөө авах байсан. 2013 онд Засгийн газрын төлөөлөл бүхий хүмүүс Х.Ганболд, н.Батцэнгэл, н.Энхтүвшин  нарын хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр Хятадын талд Монголын тал өөрөө Тавантолгойг өгье гэдэг саналыг тавьсан байдаг. Энэ протоколууд бүгд байгаа. Ингээд 2014 онд "яагаад хоёр улсын Засгийн газар хооронд ийм гэрээ хийж болохгүй вэ, яагаад хоёр төрийн өмчит компани хоорондоо шууд гэрээ хийж болохгүй байгаа вэ" гэдэг асуулт асуухад "заавал манайх MMC буюу тодорхой аж ахуйн нэгжүүдийг хувь эзэмшүүлж оруулна, 51 хувьд нь Монголын ААН-үүд орно. Гэхдээ Тавантолгой 0 %, Хятадын талд 49 хувийг өгнө" гэдэг хэлцэл дээр гарын үсэг зурагдсан. Үүнийхээ дараа 49, 17, 17, 17 гэдэг хувиар Тавантолгойн лицензийг дөрөв хуваах хэлцэл дээр 2014 наймдугаар сарын 21-23-ны хооронд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч холбогдох байгууллагуудтай гарын үсэг зурсан. Ингээд энэ баримт бичгээ устгасан. Сая Шанхайд би очоод Ерөнхий сайд болон Чайна Энержигийн удирдлагуудтай уулзах үеэр энэ баримт бичгийн талаар сураглахад баримт бичгийг надад өгөөд, би УИХ-ын гишүүдэд танилцуулсан. 

Хоёрдугаарт, Тавантолгой компанийг өөрийнхөө өрсөлдөгч гэж үзсэн 2-3 компани байгаа. Тэдний эрх ашгийг зөрчиж байгаа.

Гуравдугаарт, төмөр зам баригдвал Баяннуурт байгаа нэр бүхий 11 компанийн хэсэгчилсэн нүүрс тээврийн бизнес нь утгагүй болно. Ийм учраас Гашуунсухайт-Ганцмодын хэлцлийг зогсоох гээд байгаа. Шанхайд очиж Ерөнхий сайдтай уулзсан уулзалтын маргаашаас эхлээд л ийм асуудлууд үүссэн. Жагсаал цуглаан янз бүрийн зүйл болж буйг П.Цагаан, түүний хүү, Дотоодын цэргийн командлагч н.Чингис болон түүний дүү н.Саруул санхүүжүүлж байгаа. Яагаад гэвэл тэр эрх ашиг нь зөрчигдөж байгаа компанитай холбоотой.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаднын нөхдүүдтэй 2014 онд тохирсон хэлцэл үнэнд гүйцэгдсэн. Гадаадад байгаад байхаар энэ асуудал хөндөгдөөд байгаа учраас одоо ирж олон нийтийн толгойг эргүүлэх гэж байгаа. Ингээд Ерөнхий шүүгч н.Ганзориг болон түүний бүрдүүлсэн баг Ц.Элбэгдоржийн үед шүүгч болж байсан хүмүүс эзэндээ үйлчилж байна.  Хоёр дахь нь баялгийн сангийн хуультай холбоотой. Стратегийн ордуудын 34 хувь нь иргэдийн хадгаламж байна гэж хуульчилсан. Эхний дүнгээ иргэд авч иргэн бүхний дансанд эхний хуримтлал үүссэн. Эрдэнэтийн 49 хувь иргэдийнх болох учраас энэ асуудлыг хүчингүй болгох гэж Үндсэн хуулийн цэцэд хандах гээд байгаа. Харамсалтай нь Засгийн газар Шүүхийн шийдвэр болон бусад асуудалд нөлөө үзүүлэх ямар ч боломжгүй" гэлээ.

ВИДЕО: