Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг дэмжих тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл”-ийн Буцалтгүй тусламжийн солилцох ноот бичиг болон Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол энэ сарын 14-нд “Сангийн Яам”-нд боллоо.
Япон Улсын Засгийн газрын 500.0 сая иений буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих энэ төслийн хүрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-уудад цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн найдвартай байдлыг хангахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх ажлыг Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг “Жайка”-аар дамжуулан гүйцэтгэх юм.Манай улс цахилгаан эрчим хүчний хэрэгцээнийхээ 80 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн 20 орчим хувийг импортоор хангаж байгаа бөгөөд тоног төхөөрөмжийн хүрэлцээ, найдвартай байдал тулгамдсан асуудал болоод байгаа үед энэхүү төсөл хэрэгжиж байгаа нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн тогтвортой ажиллагаа, засвар үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, улмаар сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.
Гарын үсэг зурах үеэр Сангийн дэд сайд Б.Хулан “Энэхүү төсөл хэрэгжсэнээр манай улсын эрчим хүчний хангамжийг тогтворжуулах, цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн тогтвортой ажиллагаа, засвар үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа” онцлов.
Н.МӨНХБААТАР