ХЭРГИЙН МӨРӨӨР: М.Батчулуун хий үзэгдэл дэмийрлийн хам шинжтэй бөгөөд "Тэр хүнийг буг чөтгөр гэж бурхан надад хэлсэн" гэж мэдүүлжээ

ХЭРГИЙН МӨРӨӨР: М.Батчулуун хий үзэгдэл дэмийрлийн хам шинжтэй бөгөөд "Тэр хүнийг буг чөтгөр гэж бурхан надад хэлсэн" гэж мэдүүлжээ

Нэг гэр бүлийн гурван хүний биед халдаж, найман сартай жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг энэ сарын 04-ний /2026.01.04/ өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гарсан. Тухайн хэргийг үйлдсэн байж болзошгүй М.Батчулуун гэгч нь өмнө бусдын амийг хөнөөсөн ч, "хэрэг хүлээх чадваргүй" гэж шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан талаар бид мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

ВИДЕО: 

Энэ ч утгаараа гэмт хэрэг үйлдсэн ч хэрэг хүлээх чадваргүй нь тогтоогдсон сэтгэцийн эмгэгтэй иргэдийн асуудал хөндөгдөх болоод буй. Сэтгэцийн өвчин, эмгэгтэй гэж эмч онош тавьсан 21 мянган хүн манай улсад байдаг бөгөөд эдгээр хүмүүсээс сүүлийн зургаан жилд 191 нь гэмт хэрэгт холбогдсон байна. Тиймээс бид сэтгэцийн эмгэгтэй иргэдийг дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг тодотгож, дараах мэдээллийг бэлтгэлээ. 

-М.БАТЧУЛУУН ӨМНӨ НЬ БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН БИЕД ХАЛДСАН ХЭРГЭЭР НЭГ ЖИЛ ЭМНЭЛГИЙН ЧАНАРТАЙ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАХУУЛЖ БАЙЖЭЭ-

Нэг гэр бүлийн гурван хүний биед халдаж, найман сартай жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насыг хөнөөж, гурван настай охиныг хутгалж, хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй М.Батчулуун гэгч нь бүрэн бус дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Дунд сургуулиа төгссөнөөс хойш хараа нь муудаж, нүдээрээ группт орсон, ганцаараа амьдардаг нэгэн байжээ. Найман хүүхэдтэй айлын долоо дахь хүүхэд нь болж төрсөн түүний сэтгэцэд 2013 оноос өөрчлөлт орж эхэлсэн байна. Улмаар 2018 онд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа бага насны хүүхдийн биед халдсан хэргээр эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан байна. Тэрбээр уг албадлагын арга хэмжээ нэг жил гаруй авагдаад, чөлөөлөгдөн гарсан аж.

-М.БАТЧУЛУУН: СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛЭХГҮЙ БАЙХАД АНХААРЧ ӨГӨХИЙГ ХҮСЭЖ БАЙНА-

Гэвч 2020 онд дахин сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа гудамжинд явж байсан хүнийг хутгалж, амь насыг нь хохироосон байгаа юм. Тодруулбал, М.Батчулуун нь 2020 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр гудамжинд явж байсан Л.Ц гэх иргэний цээжин тус газар хутгалж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн байна.

Тэрбээр уг хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй ч гэсэн болсон явдлын талаар "Тухайн өдөр настай хүнтэй таарсан. Уг хүнийг буг чөтгөр учраас ал гэж бурхан сахиус хэлсэн болохоор нь би хутгалсан. Сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэхгүй талаас анхаарч өгнө үү" хэмээн мэдүүлж байжээ. 

М.Батчулуун нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр "Органик дэмийрлийн эмгэг, хий үзэгдэл дэмийрлийн хам шинж" сэтгэцийн эмгэгтэй тодорхойлогдсон бөгөөд прокуророос түүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр

Тиймээс ч түүнийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа бусдыг хутгалж, амь насыг нь хохироосон хэмээн шүүхээс үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэг хариуцах чадваргүй байдал арилах хүртэл хугацаагаар Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн тусгай эмнэлэгт хэрэглэх, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.О ээс 1 сая 614 мянга 400 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох шийдвэрийг гаргасан байна. 

Харин тухайн иргэний төрсөн ах М.М нь дүүгийнхээ талаар "Дүүтэйгээ уулзахад миний чихэнд янз бүрийн юм сонсогдоод байхын, чихэнд юм шивнээд байхын бөө бууж ирсэн гэх мэтээр учир нь ойлгогдохгүй зүйл ярьдаг байсан” гэдгээ учирлаж байсан байгаа юм.      




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө