АҮББХ: Үйлдвэрлэл, технологийн паркуудад хяналт, шалгалт явуулах ажлын хэсгийг байгуулав

АҮББХ: Үйлдвэрлэл, технологийн паркуудад хяналт, шалгалт явуулах ажлын хэсгийг байгуулав

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.01.07) хуралдаж, өнгөрөгч оны 12 дугаар сарын 24-нд байгуулагдсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг баталж тогтоол гаргалаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Д.Батбаяр, Д.Жаргалсайхан, С.Замира, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, М.Энхцэцэг нар ажиллах юм.

Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжид Үйлдвэрлэл, технологийн паркуудын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, тухайн паркуудын үйл ажиллагааг эрхлэгчид, “Эрдэнэс ҮТП” ХХК болон бусад холбогдох байгууллагын тайлан, мэдээллийг сонсож, “Багахангай” ҮТП , “Шивээ-Овоо” ҮТП, “Тавантолгой” ҮТП (мега төсөл), “Дорнын баялаг” ҮТП, “Гэрэлт говь” ҮТП, “Алтан ширээт” ҮТП, “Налайх” ҮТП, “Бор өндөр” ҮТП, “Багануур” ҮТП, “Эрдэнэт” ҮТП, “Дархан” ҮТП, “Хөтөл” ҮТП, “Шинэ Ховд” ҮТП, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, хяналт шалгалт хийхээр тусгасан байна. Мөн шаардлагатай гэж үзвэл тодорхой сэдвээр талуудын оролцоог хангасан хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгаа хийж зөвлөмж боловсруулах ажлыг гүйцэтгэх юм.

Ажлын хэсэг удирдамжид заасан хяналт шалгалтыг явуулсан талаарх танилцуулга, санал дүгнэлт болон холбогдох шийдвэрийг төслийг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанд, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.