Өмнөд солонгос /БНСУ/-ын Зэвсэгт хүчний тагнуулын ажилтнуудыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Монгол Улсаас баривчилж, эх оронд нь буцаасан талаар тус улсын "N news" хэвлэлд мэдээлж байсан.
Өмнөд Солонгосын уг тагнуулын ажилтнуудыг Хойд солонгос /БНАСАУ/-оос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай холбогдохоор Монголд ирээд байхад нь манай тагнуулын газрынхан баривчилсан гэж мэдээлсэн юм. Харин тэдний даалгавар нь дайны байдлыг зөвтгөх үндэслэлийг баталгаажуулах "Букпунгийн ажиллагаа"-тай холбоотой байх магадлалтай хэмээсэн. Учир нь Өмнөд Солонгост дайны байдал зарлахаас 10 орчим хоногийн өмнө тагнуулын ажилтнуудыг Монгол Улс руу илгээсэн байдаг.
Тус улсын цэргийн албан тушаалтны хэлснээр, “Тагнуулын газрын дэд хурандаа А, хошууч Б нар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод томилолтоор явсан. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хойд Солонгосын Элчин сайдын яам хоёр Улаанбаатар хотод байрладаг. Тэдний даалгавар бол Хойд Солонгосын элчин сайдын яамтай холбогдох байсан. Таггнуулын газрын дарга хурандаа С энэ ажиллагааг удирдаж байсан бөгөөд түүний хянасан бизнес аялалын тайланд "Хойд Солонгосын Элчин Сайдын Яам"-ыг ажиллагааны бай гэж тодорхой бичсэн байсан" гэсэн юм.
Улмаар тэднийг Монголд жуулчны визээр орж ирснийхээ дараа төрийн албан хаагчидтай байнга уулзаж буйг Монголын тагнуулын байгууллага хардаж, улмаар баривчилсан байдаг.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан тус улсын Зэвсэгт хүчний тагнуулын газраас, “Зэвсэгт хүчний ажилтнууд Монголд суугаа Хойд Солонгосын Элчин сайдын яам болон Монгол Улсын Засгийн газраас хэн нэгэнтэй холбоо бариагүй. Тагнуулын дарга 5-р сарын сүүлчээр Монгол Улсад албан томилолтоор ажилласан нь үнэн” гэж мэдэгджээ. Ийнхүү тус улсын Тагнуулын байгууллага Хойд Солонгосын элчин сайдын яамтай холбоо тогтоохоор Монголын Засгийн газрын ажилчидтай хэзээ ч уулзаж байгаагүй гэдгээ мэдэгдсэн ч манай улсын тагнуулын ерөнхий газраас баривчилсан эсэхтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа талаар БНСУ-ын хэвлэлд нийтэлжээ. .