Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаатай холбоотойгоор тус банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа мэдээлэл өглөө.
Тэрээр "Хөгжлийн банкны газар хэлтсүүд бүрд улс төрийн олон фракцуудын төлөөлөл томилогддог түүх байсан. Хоорондоо тус тусдаа бие даасан газар мэт харьцдаг байсан ч үе бий. Одоо энэ хамт олон нэг зорилгынхоо төлөө нэгдээд явья гэж байгаа. Ямар ч юманд хууль эрх зүйн орчин, явах зам нь тодорхой байж итгэл төгс үйл ажиллагаагаа явуулна. Маш олон хүмүүс "Би зээлийн газар орохгүй, өөр л газар намайг шилжүүлээд өгөөч" гэж орж ирж байгаа. Гэтэл зээл гэдэг бол зах зээлийн эдийн засгийн үед бизнесийг тэтгэж байдаг санхүүгийн эх үүсвэр. Хүнээр бол судсаар урсаж байгаа цус нь. Гэтэл үүнийг авсан, олгосныхоо төлөө энэ олон хүмүүс яллагдаад сууж байдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Айдас хүйдэс, хардлага сэрдлэгэд автчихсан Хөгжлийн банк Монгол Улсыг хөгжүүлэх нь бүү хэл өөрсдөө оршин тогтнож чадах уу гэдэг дээр ирчихсэн байна. Айдаст автсаар байгаад нэг ч шинэ зээл гаргахгүй, үйл ажиллагаа нь агшсаар байгаад нэг мэдэхэд хаалгаа барихад тулчихсан байгаа. Үүнийг сэргээхийн тулд бид ажиллана. Хөгжлийн банкийг дампууруулахад Засгийн газар, УИХ, төр өөрөө гол нөлөө үзүүлж ирсэн" гэлээ.