Боловсролын тухай хуулийн 43.2.5 - д заасан "нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт цаашид мөрдөгдөх боломжгүй болсон.
Мөн НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сард гаргасан тогтоолоор "нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт өөрчлөлтийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ" гэж тогтоосны дагуу цаашид Улаанбаатар хотод суралцаж буй оюутан, суралцагчдын нийтийн тээврээр зорчих зардлын хөнгөлөлтийг санхүүжүүлэх хуулийн үндэслэл байхгүй тул 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн оюутанд олгогдох хөнгөлөлт цуцлагдсан. Тиймээс оны эхний өдрөөс эхлэн оюутнууд 1000 төгрөг төлж автобусанд зорчиж буй.
Тэгвэл уг асуудлыг эсэргүүцэж оюутнууд нийтийн тээврийн хөнгөлөлтийг буцаан сэргээхийн тулд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тодруулбал, "Боловсролын ерөнхий хуулинд оюутны нийгмийн баталгаатай холбогдолтой чухал заалт болох "нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" хэсгийг буцаан оруулах саналтай байна." гэжээ. Одоогоор уг саналыг дэмжиж 6000 орчим хүн гарын үсгээ зуржээ.