Пластик мэс заслаар нүүр царайгаа өөрчлөн, зүсээ хувилгасан байхад нь эх оронд нь авчирсан Д.Наранхүү, ЭТТ-н Г.Адъяа нарын хэргийг шалгаж дуусжээ

Пластик мэс заслаар нүүр царайгаа өөрчлөн, зүсээ хувилгасан байхад нь эх оронд нь авчирсан Д.Наранхүү, ЭТТ-н Г.Адъяа нарын хэргийг шалгаж дуусжээ

"Нүүрс"-ний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргон зайлж, улмаар пластик мэс заслаар нүүр царайгаа өөрчлөн, зүсээ хувилгасан байсан гэх Д.Наранхүүг БНХАУ-д саатуулан 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр /2023.09.26/ эх оронд нь авчран, мөрдөн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл "Шувуу" ажиллагааны хүрээнд эх оронд нь авчирсан түүнийг мөрдөн шалгаж дуусаад, хэргийг прокурорт шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал Д.Наранхүүг, "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Адъяатай "хам хэрэгтэн" хэмээн яллагдагчаар татан, мөрдөн шалгасан байна. Ингэхдээ Д.Наранхүүг Г.Адъяад хахууль өгсөн, харин Г.Адьяаг хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн 22.4, Эрүүгийн хуулийн 22.5 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, хэргийг шалгаж дуусжээ. 

Пластик мэс заслаар нүүр царайгаа өөрчлөн зүсээ хувилгасан байхад нь эх оронд нь авчирсан Д.Наранхүүг анх УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нарын гол "хамтрагч" нь хэмээн зарим хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Тэгвэл Д.Наранхүүг дээрх нэр бүхий хүмүүстэй бус "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Адъяа холбоотой байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, хэргийг "боож" дууссан байна. 

Ташрамд өгүүлэхэд, Д.Наранхүү нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг баривчлагдсаны маргааш нь буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд БНХАУ руу гарч зугтсан гэгддэг бөгөөд тэрбээр нүүрс тээврийн 10 автомашинаар нүүрс зөөдөг байсан гэх мэдээлэл бий. 




Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө