2024 оны арванхоёрдугаар сарын 29-нд цахим орчинд “Саяны осолдсон онгоцны үйлчлэгч Лизагийн сүүлийн дуудлага” гэх бичлэг түгээжээ. Уг бичлэгт монгол хэлээр дараах тайлбар оруулсан байна.
-911 сонсож байна?
-Бидний бүх яриа бичигдэж байгаа юу?
-Бидний онгоц унаж байна. Би гэр бүлийн хүндээ нэг юм хэлэн гэсэн юм аа!
-Намайг уучлаарай Саша би чамаас өөр хүнд хайртай байгаагүй. Үл ойлголцож муудалцаад хаяж явсанд уучлаарай. Чамд нэг юм хэлэх гэсэн юм аа. Би жирэмсэн байсан. Гэвч бидний хүүхэд энэ хорвоод мэндлэхгүй нь маш харамсалтай. Би чамд хайртай баяртай” гэх тайлбартай Азербайжан агаарын тээврийн онгоцны үйлчлэгчийн зурагтай бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэг нь нийт 7,300 гаруй реакц, 357 сэтгэгдэл авч, 1,700 гаруй удаа цааш түгээгджээ.
Уг бичлэгт 2024 оны 12-р сарын 25-нд Казахстан улсад осолдсон Азербайжаны агаарын тээврийн J2-8243 дугаартай онгоцонд үйлчилж байсан онгоцны үйлчлэгчийн сүүлийн дуудлага мэт ойлголтыг өгчээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2024 оны 12-р сарын 25-ны лхагва гарагт Азербайжаны нийслэл Баку хотоос ОХУ-ын Хойд Кавказын Грозный хот руу зорьсон Азербайжаны агаарын тээврийн 8243 дугаар нислэгийн Embraer 190 онгоц замдаа гэмтэж, Казахстаны баруун хэсгийн Актау хотын нисэх буудал орох замдаа ослын буулт хийсэн. Онгоцонд 67 зорчигч явснаас 38 хүний амь эрсдэж, 29 хүн аврагдсан байна(Осолтой холбоотой мэдээлэл энд, энд бас энд ).
Ослын үеэр хөлгийн багийн 5 гишүүнээс 3 нь амь насаа алдаж, хоёр нь эсэн мэнд эмнэлэгт хүргэгджээ. Шалгасан бичлэгт “Миний нэрийг Лиза гэдэг” гэж гарсан. Харин ослын үеэр онгоцны үйлчлэгч Хокума Алиева, ахмад Игорь Кшнякин болон туслах нисгэгч Александр Кальянинов нар нас барсан. Мөн бичлэгт 1766-р нислэг гэж дурддаг бол Казакстанд осолдсон Азербайжан агаарын тээврийн Embraer 190 онгоц 8243 дугаар нислэг хийж байсан. Үүнээс харахад шалгасан бичлэгт гарсан нислэгийн дугаар болон утсаар ярьсан хүний нэр осолтой огт холбоогүй болохыг харж болох юм.
Шалгасан бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад бичлэгийн эх хувилбар @azerbaijanairlines Инстаграм хаягт 2024 оны 12-р сарын 05-нд “Улсын тугтай эможиг ашиглан аяллын туршлагаа хуваалцаарай” гэх тайлбартай нийтлэгджээ.
@bolsun.media инстаграм хаягт шалгасан мэдээлэлтэй ижил аудиог ашиглан осолтой холбоотой өөр дүрс бүхий бичлэг нийтэлсэн. Тус бичлэгт ашигласан аудиог нягтлахад @pcuxolog.ru нэртэй инстаграм хаягт оруулсан ба осолтой холбоогүй, өөр дүрстэй хамтатган нийтэлжээ.
Үргэлжлүүлэн тус аудионд гарах “Меня завут Лиза, и я на рейсе 1766,” гэх текстээр хайхад 2021 онд ТикТок хаягт нийтлэгдсэн бичлэгийг оллоо. Тухайлбал, 2021 оны 06 дугаар сарын 4-нд @waiting_for_you16 нэртэй хаягт шалгасан бичлэгтэй ижил аудиог ашиглан нийтэлжээ.
Цаашлаад “и я на рейсе 1766 оргинал” гэж хайхад ТикТок платформд 2021 оноос эхлэн тус аудиог ашиглан хийсэн олон бичлэг байна.
Daily Mail мэдээллийн сайтын албан ёсны youtube сувагт 2024 оны 12-р сарын 30-нд “Азербайжан агаарын тээврийн компанийн онгоцны үйлчлэгчийн сүүлийн үгс” гэх гарчигтай онгоц осолдож байж үед хийсэн зорчигчийн бичлэгийг нийтэлжээ.
Олны анхааралд буй үйл явдалтай холбогдуулан өөр төрлийн аудио бичлэгийг Азербайжаны онгоцтой холбоотой мэтээр нийтэлжээ.
Эх сурвалж: Монголын баримт шалгах төв