Австрали улсад ажиллаж, амьдардаг "OOGII" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг цагдаагийн байгууллагаас "залилан"-гийн хэргээр шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, уяач Л.Цандэлэг "OOGII" брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгээр дамжуулан өөрийн хүүхдээ Австрали улсад сургахаар 102 сая төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн гэдэг. Гэсэн ч тэрбээр хүүхдээ сургаагүй, мөнгөө буцаан авч чадаагүй байна. Тиймээс ч энэ талаараа цахим сүлжээнд мэдээлж, улмаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байдаг.
Энэ дагуу иргэн О.Оюунцэцэгийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн юм.
Тэгвэл тус шалгалтын ажиллагаа өдгөө ч үргэлжилж байгаа бөгөөд ямар нэгэн эцсийн шийдвэр гараагүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл /Залилах/-ийн 1-д "Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Мөн 2.Энэ гэмт хэргийг:
- 2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
- 2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
- 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
- 3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;
- 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.