Б.Чойжилсүрэн:  2024-2025 оны өвлийн оргил ачаалалд цахилгааны хязгаарлалт хийхгүй болно

Б.Чойжилсүрэн: 2024-2025 оны өвлийн оргил ачаалалд цахилгааны хязгаарлалт хийхгүй болно

Нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүдийг бэлэн байдалд ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр /2024.12.31/ Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллаж, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний хэсэг төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдож, эрчим хүч нийлүүлж эхэллээ. 2025 оны нэгдүгээр сарын 6-наас 150 МВт бүрэн хүчин чадалтайгаар нэгдсэн сүлжээнд холбогдоно. Сүүлийн хоногуудад эрчим хүчний хязгаарлалт хийгээд байгаа. Бөөрөлжүүтийн эхний хэсэг төвийн бүсэд эрчим хүч нийлүүлж эхэлснээр хязгаарлалт 2025 оны оргил ачааллаас зогсох болов уу гэж найдаж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг өсч байна. Жилд дунджаар өвлийн оргил ачааллын үеэр чадал 12 хувь, энерги 7 хувьтай өсч байгаа. Сонирхолтой, сорилттой цаг үед ажиллаж амьдарч байна. Чадлын дутагдлыг нөхөхөд “Бодь интернэшнл” үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна.ОХУ-аас бид 220 КВт- ыг хос шугамаар тохируулгын горимоор авч байсан. Сүүлийн жилүүдэд энергийн дутагдалд орж байгаа учраас ОХУ -аас байнгын оргил ачааллын үед бүрэн хүчин чадлаар авч байна.

ОХУ-аас 345 МВт, Дархан дээр 310-315 МВт -ыг оргил цагт бараг өдөр шөнөгүйгээр авах нөхцөл байдал үүсч байгаа. Зөвхөн 345 МВт -ыг ОХУ-аас авдаг. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёр дахь блокийг ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна. Цаашлаад тус станцын гурав, дөрөвдүгээр блокийг 2027, 2028 онд ашиглалтад оруулна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц бүрэн ашиглалтад орсноор 600 МВт-ын эрчим хүч нийлүүлнэ” гэлээ.

ВИДЕО: