Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулах зорилгоор метро барихаар болсон. Тэгвэл метро барихтай холбогдуулж, өнөөдрийн байдлаар хамгийн том, хэвтээ чиглэлийн гудамж Энхтайваны өргөн чөлөөгөөр 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусчээ.
Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байх бөгөөд нэг депотой, засвар үйлчилгээний депо шаардлагатай учраас 20 га талбайд засвар үйлчилгээний төв барихаар төлөвлөлт хийж байгаа юм. Метро нь Толгойтоос-Амгалан өртөө хүртэл 17.7 км байх юм. Түүнчлэн метро барих ажил 2025 онд эхэлж, 2028 онд дуусах урьдчилсан төлөв гарчээ.
Метро барих ажлыг хариуцах компанийг шалгаруулах хоёр үе шаттай олон улсын нээлттэй тендерт БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл шалгарсан байна.