“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний төсөв жилээс жилд нэмэгдсээр 400 саяд хүрчээ

“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний төсөв жилээс жилд нэмэгдсээр 400 саяд хүрчээ

Шинэ жилийн баярыг тохиолдуулан 2001 оноос эхлэн төв талбайд сүлд мод засч, “Улаанбаатарын мөнгөн үдэш” арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэ үдэш болох тус арга хэмжээнд жил бүр улсын төсвөөс мөнгө тавьж, зохион байгуулж ирсэн бөгөөд  жилээс жилд энэхүү төсөв нэмэгдсээр байна.

Тэгвэл /2024.12.02/-ны өдөр НИТХ-аар Нийслэлийн 2025 оны төсвийг хэлэлцэх үеэр Нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд дарга Ч.Болд тухайн жилийн төсөвт аудит хийсэн тайлангаа мэдээлсэн юм. Тэрбээр,

“Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулах 400 сая төгрөгийг нэг удаагийн шинжтэй, тэвчиж болох үр ашиггүй үрэлгэн зардал хэмээн онцолсон билээ.

-2023 ОНД СҮЛД МОДНЫ ОРОЙН ТАВАН ХОШУУГ УГСРАХАД 15 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙВ- 

Үүнээс өмнө 2023 онд зохион байгуулагдсан “Улаанбаатарын мөнгөн үдэш” арга хэмжээнд 395 сая төгрөг зарцуулсан байдаг. Тухайн үед энэхүү төсвийн задаргааны мэдээлэл цахим хуудаст гарч, иргэдийн дургүйцлийг төрүүлж байлаа. Тодруулбал, зөвхөн гацуурын шилмүүсийг төмөр карказанд зүүж угсрах ажилд 135 сая төгрөг, сүлд модонд нэг тоглоом өлгөхөд нэг ширхэг нь 4650 төгрөг, сүлд модны оройн таван хошууг угсрахад 15 сая төгрөг зарцуулсан хэмээн тайлагнасан байв. Энэ үед хотын даргаар Х.Нямбаатар томилогдоод удаагүй байсан билээ.

-2018 ОНД ЁСЛОЛЫН БУУДЛАГЫН ЗАРДАЛД 20 САЯ ТӨГРӨГ, СҮЛД МОД ЗАСАХ АЖИЛД 11.8 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН БАЙВ-

Түүнчлэн хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн  үед буюу 2018 онд төв талбайд шинэ жил зохион байгуулахад 167 сая төгрөг зарцуулж байсан байна. Тухайн жил, ёслолын буудлагын зардалд 20 сая төгрөг, урлагийн тоглолтын зардалд 18.3 сая төгрөг, сүлд мод засах ажилд 11.8 сая төгрөг, Сүхбаатарын талбайд чимэглэл хийх ажилд 15 сая төгрөг, нийтийн тээврийн зардалд 2 сая төгрөг, тайз карказ, хөгжим техник, гэрэл чимэглэл тээвэрлэлтийн зардалд 9 сая төгрөг, тайз талбайн тохижилт чимэглэлийн зардалд 59 сая төгрөг гэх мэтээр төсөвлөсөн байлаа.

-"УЛААНБААТАРЫН МӨНГӨН ҮДЭШ" ЦАР ТАХЛЫН ЖИЛҮҮДЭД АЛГАСАЖ, ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ҮЗЭГЧДЭД ХҮРЧ БАЙВ-

Улмаар “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн цар тахлын жилүүдэд алгасаж, цахим хэлбэрээр үзэгчдэд хүрч байсан бол 2022 оноос ахин төв талбайд зохион байгуулагдаж эхэлсэн юм. Тус цэнгүүнд зарцуулагдах төсвийг Нийслэлийн төсөвт нарийвчлан тусгаж харуулдаггүй, уурлаг соёл" гэсэн бүлэгт багтаадаг тул жирийн иргэд байтугай нийслэлийн төлөөлөгчид ч энэ талаар мэдээлэл хомс байдаг аж. Энэхүү цэнгүүн нь урлаг соёлын одод дуулж, төв талбайд салют буудуулах, төгсгөлд нь үнэгүй автобусаар гэрт нь хүргэж өгөх гэсэн цөөхөн хөтөлбөрөөс бүрддэг ч жил бүр татвар төлөгчдийн мөнгөнөөс сая саяыг зарцуулсаар, энэхүү төсөв жилээс жилд нэмэгдсээр байна.

 

 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө