"Шувуу"-гаар ирж, тэргэнцэртэй шүүгдсэн Т.Бадамжунай, прокуророос ялласан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, О.Мөнхжин нарын хэргүүдийн сураг 2024 онд алдрав

"Шувуу"-гаар ирж, тэргэнцэртэй шүүгдсэн Т.Бадамжунай, прокуророос ялласан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, О.Мөнхжин нарын хэргүүдийн сураг 2024 онд алдрав

Энэ жил хууль, эрх зүйн салбарт олон онцлох үйл явдал болж өнгөрлөө. Улстөрч, нэр бүхий төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн холбогдсон "Нүүрс"-ний хэрэг, "Хөгжлийн банк"-ны зэрэг хэргүүдийн зарим нь шүүхээр эцэслэн шийдэгдсэн бол зарим хэргүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад сураггүй болсон байдаг. Тэгвэл бид энэ он дамжсан ч эцэслэн шийдэгдээгүй, олны анхаарал татаад сураг алдарсан хэргүүдийг тоймлон онцолж байна. 

-"ШУВУУ"-ГААР ИРЖ, ТЭРГЭНЦЭРТЭЙ ШҮҮГДСЭН Т.БАДАМЖУНАЙН ХЭРГИЙГ Ц.АНАНДБАЗАРЫН ХЭРЭГТ НЭГТГЭСНЭЭР СУРАГ АЛДРАВ-

“Шувуу” ажиллагааны хүрээнд одоогоос нэг жил гаруйн өмнө буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр /2023.04.05/ Филиппин улсаас сүр дуулиантайгаар Монголд авчирсан Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайн хэргийг УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хэрэгт нэгтгэснээр тэдний хэрэг прокурор дээр гацлаа. 

"Шувуу" ажиллагаагаар эх оронд нь авчирсан Т.Бадамжунайг хойшлуулшгүйгээр цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх болсон. Улмаар түүнийг гурван сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсны дараа 2023 оны долдугаар сарын 05-ны өдөр "Эрүүл мэндийн шалтгаан"-тай хэмээн Хорих 461 дүгээр ангиас суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон байдаг.  Улмаар Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайд яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Тухайн үед хэргийг шүүх хэлэлцэх үед Т.Бадамжунай нь цус харвасан хэмээн шүүх танхимд тэргэнцэртэй ирж шүүгдсэн ч шүүхээс Т.Бадамжунайд холбогдох хэрэгт шалгагдаж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хэргийг тусгаарласан нь буруу гэж үзэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн юм. Ингэснээр тухайн хэргийн сураг алдарсан. 

-Н.НАРАНБААТАР ГИШҮҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙГААР ПРОКУРОРТ ХҮРГҮҮЛЭЭД 10 САР ӨНГӨРЧЭЭ-

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг хуулийн байгууллагаас "Нүүрс"-ний хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар пурокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 2023 оны хавар УИХ-д оруулсан ч гишүүдийн олонхын саналаар түүнийг авч үлдсэн байдаг. Гэсэн ч АТГ-аас тухайн хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж, улмаар 2024 оны хоёрдугаар сард Н.Наранбаатарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн юм. Гэсэн ч үүнээс хойш тухайн хэрэг мөн л нам жим болж, Н.Наранбаатар нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болоод байгаа билээ. 

-О.МӨНХЖИН, Б.ГАНТИГ НАРЫГ ПРОКУРОРООС ЯЛЛАСАН Ч ШҮҮХЭЭС ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААЛАА-

"Их бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нар нь "Койн"-ы хэрэгт холбогдож, тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр /2024.05.17/ явуулсан юм. Гэвч тус хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байж болзошгүй хэмээн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааснаар тухайн хэрэг мөн л сураг алдарсан байдаг. 

"ЭРДЭНЭТ"-ИЙН Т.БАТМӨНХИЙН "ЛЕКСУС-570" АВТОМАШИНЫ ХЭРГИЙГ ДЭЭД ШҮҮХ ХЭЛЭЛЦЭХЭЭС ТАТГАЛЗАВ- 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч асан Т.Батмөнх нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны /2024.03.27/ өдөр хэлэлцэх эсэхийг хэлэлцээд тус хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм. Тиймээс тухайн хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон. Гэвч үүнээс хойш 9 сарын хугацаа өнгөрсөн ч мөн л тухайн хэрэг шийдэгдэхгүй өнөөг хүрэв. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер, тус үйлдвэрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга Т.Батмөнх нь 2021 онд албан хэрэгцээндээ ашиглаж байсан “Лексус-570” загварын 99-14 УБҮ улсын дугаартай жийпийг 16 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргуулан төрийн өмчийг үнэгүйдүүлж, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон байдаг. 

Өнгөрсөн хавар хуулийн байгууллагаас хэд хэдэн баривчилгааг хийж, зарим нэгэн албан тушаалнуудыг хойшлуулшгүйгээр цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаарх мэдээлэл ил болсон билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, "Монполимет групп"-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Г.Дугаржав нарын хүмүүсийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийж, саатуулан шалгасанч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн байдаг. Харин үүнээс хойш хагас жил гаруйн хугацаа өнгөрсөн ч эл хэргүүдийн сураг мөн л алдараад буй. 

 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө