Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 113 жилийн ой өнөөдөр /2024.12.29/ тохиож байна. Энэхүү үйл явдлыг тэмдэглэх хүрээнд Гандантэгчэнлин хийдээс тусгаар тогтнолын үнэ цэнэ, түүхэн ач холбогдлыг олон нийтэд таниулах, уламжлалт соёлоо хадгалан хамгаалах зорилгоор хэвлэлийн хурал зохион байгуулах гэж байна.
Хуралд Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч төлөөлөгчид оролцож 1911 оны түүхэн үйл явдал, түүний өнөө үеийн ач холбогдлын талаар мэдээллээ. Тодруулбал, Гандантэгчэнлин хийдийн Олон нийтийн харилцааг хариуцсан н.Батцэнгэл "Дэлхийн олон улс оронд төрөл бүрийн баяр тэмдэглэдэг ба үүн дотроо Тусгаар тогтнолын баяр бол хамгийн эрхэм юм. Монголчуудын хувьд манжийн дарлалаас гарсан 12 дугаар сарын 29-ны баярыг тэмдэглэдэг.
Түүх талаасаа авч үзвэл, Богд хаант улс байгуулагдаж, Тусгаар тогтнолыг сэргээн, тунхагласан зарласан үндэсний үйл ажиллагааг зохион байгуулсан.
Энэ жил бид "Эв нэгдэл" уриатайгаар уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Гандантэгчэнлин хийдийн зүгээс Тусгаар тогтнолыг тунхагласан өдөр Богд хааны нэр хүндийг сэргээх, хамгаалах үүднээс, түүхийг нь мушгин гуйвуулсан энэ талаарх кинонуудыг гаргахгүй байхыг телевизүүдэд уриалж Харилцаа холбооны зохицуулах газарт албан бичиг хүргүүлсэн. Учир нь тусгаар тогтнол бол хүн бүрийн мэдэх учиртай, шашин хамаарахгүй, шашингүй хүнд ч хамаатай юм" гэлээ.
Харин Гандантэгчэнлин хийдийн Дэд Хамба н.Гантөмөр "1911 оны 12 дугаар сарын 29-нд Манжийн эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо сэргээн мандуулж байсан түүхтэй. Монгол Улс эх газар дээрх хамгийн өргөн уудам газар нутагтай байсан авч цагийн эрхээр тарж бутарч, Манжийн эрхшээлд 200 гаруй жилийг өнгөрөөсөн. Тусгаар тогтнолын ачаар бид өнөөдөр тусгаар улсын иргэн болсон. Тиймээс ирээдүй хойчдоо ч энэ талаар таниулж байя. Шинэ жилийн уур амьсгал орсон үед болдог тул, баярын сүр, бөхийн барилдаан зэрэг үйл явдалд дарагдаад Тусгаар тогтнолын баярын талаар ард иргэд, хүүхэд залууст төдийлөн сайн хүрэхгүй байна. Угтаа улс орны хувьд хамгийн чухал зүйл бол Тусгаар тогтнол, эрх чөлөө юм. Тиймээс энэ өдрийг олон нийтэд таниулах, бахархах өдөр болгох нь зүйтэй" гэдгийг тодотголоо.