Хойд Солонгосын ЭСЯ-нд тагнуулын ажиллагаа явуулахаар монголд ирсэн БНСУ-ын тагнуулын ажилтныг баривчилж, эх оронд нь буцаасан талаар тус улсын "N news" хэвлэлд мэдээлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, БНСУ-ын Тагнуулын газрын дэд хурандаа А, хошууч Б нар нь өнгөрсөн сарын сүүлчээр Монгол Улсад аяллын визээр орж ирж, улмаар Хойд Солонгосын Элчин сайдын яамтай холбоо тогтоохоор орон нутгийн мэдээлэгч гэж таамаглаж байсан монголын төрийн албан хаагчтай уулзах үеэрээ Монгол Улсын тагнуулын байгууллагад баривчлагдсан талаар тус хэвлэлд мэдээлсэн байв. Харин энэ талаар манай улсын хууль хүчний байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх хэвлэлд мэдээлсэн үйл явдал нь өнгөрсөн арваннэгдүгээр сард /2024.11/ болсон бөгөөд энэ дагуу Монголын Тагнуулын байгууллага ажиллагааг үргэлжлүүлж, нэр бүхий хүмүүсийг холбогдуулан шалгаж байж болзошгүй байгаа аж.
Тодотговол, БНСУ-ын Тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж байсан байж болзошгүй нэр бүхий Монгол Улсын иргэнийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Ямартай ч Монгол Улсын Тагнуулын байгууллага гаднын тагнуулын ажиллагаа явуулахаар Монголд ирсэн БНСУ-ын нэр бүхий ажилтнуудын "нууц" ажиллагааг зогсоож, хуулийн дагуу асуудлыг шийдэж байгаа аж.
Ташрамд өгүүлэхэд, Монгол Улсын Тагнуулын байгууллага өнгөрсөн оны гуравдугаар сарын 29-ны /2023.03.29/ шөнө Монгол Улсад тагнуул хийсэн гаднын нэг, эх орноосоо урвасан монголын гурван иргэнийг саатуулан шалгаж эхэлсэн байдаг. Өдгөө тус хэрэг буюу З.Санждорж нарт холбогдох тагнуулын хэрэг шүүхийн шатанд яваа юм.