Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтрепренер-2024” шалгаруулалтаас ХААН Банк Алтан Меркури цом буюу гранпри шагнал хүртлээ.
МҮХАҮТ-аас 27 дахь жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээнд ХААН Банк сүүлийн 10 жил дараалан “Оны онцлох 10 ААН”-ийн нэгээр шалгарч, мөнгө, хүрэл Меркури цом авч байсан бол энэ жил банкны салбараас анх удаа гранпри шагналын эзэн болж буй.
Оны онцлох аж ахуйн нэгжүүдийг шалгаруулахдаа компанийн сайн засаглал, хүний нөөцийн зөв бодлого, олон улсын стандартыг хэрхэн хангасан зэрэг үзүүлэлтээс гадна техник технологийн шинэлэг дэвшилтэд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн байдал, тухайн салбарын зах зээлд эзлэх байр суурь болон улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ, нийгмийн хариуцлага болоод тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь харгалзан үнэлж дүгнэдэг гэдгийг шагнал гардуулах үеэр онцолж байв.
Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн 3-рт эрэмбэлэгддэг, үндэсний тэргүүлэгч банк ХААН Банк хамгийн өргөн цахим сүлжээ, орон даяар байгаа салбар нэгжээрээ дамжуулан Монголын хүн амын 82 хувьд буюу 2.9 сая харилцагчид банк санхүүгийн үйлчилгээг хүргэж байна. 2023 онд улсын төсөвт нийт 275.0 тэрбум төгрөгийн татвар төлсөн бол 2024 оны эхний 10 сарын байдлаар нийт 270.0 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлж, Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулаад буй. 2024 оны III улирлын байдлаар ХААН Банкны актив хөрөнгө 20.0 их наяд төгрөг, нийт зээлийн багц 11.4 их наяд, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 17.5 их наяд төгрөг хүрээд байна.
ХААН Банк нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулж, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2007 оноос эхлэн ХААН Банк сангаараа дамжуулан 520 төсөл, хөтөлбөрийг нийт 15,9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна.
Хамтын үнэ цэнийг бүтээж, өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулсан эрхэм харилцагч, түншүүддээ, хувьцаа эзэмшигчдэдээ гүн талархал илэрхийлье.