Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн аравдугаар сард мал, амьтны гоц халдварт “Ямааны годрон” өвчин гарсан билээ.
Уг өвчний улмаас 29 хот айлын 91 малчин өрхийн 14252 толгой ямааг зориудаар устгаж, уг өвчний голомт, тархалтыг бүрэн зогсоосон байдаг. Тухайн үед албаныхны зүгээс нөхөн олговрыг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33.4-т заасны дагуу шийдвэрлэнэ” гэсэн юм. Энэ дагуу Засгийн газраас “Ямааны годрон” өвчний нөхцөл байдал, зориудаар устгалд оруулсан ямааны нөхөн төлбөрт шаардагдах зардал болох 2.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн билээ. Тэгвэл одоогоор жишиг үнийн 90 хувийн нөхөн төлбөрийн 50 хувь болох 1.4 тэрбум төгрөгийг малчдын дансанд шилжүүлжээ. Орон нутгаас малчдын амьжиргааг дэмжих зорилгоор нөхөн төлбөрийн зөрүү 10 хувьд шаардагдах 315.5 сая төгрөгийг 2025 онд олгохоор аймгийн ИТХ-аар баталсан байна.
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт 33 дугаар зүйл, Улсын төсвөөс санхүүжүүлэх үйл ажиллагааны 33.1.2.4-т Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал, тэжээвэр амьтны тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр гэж заажээ.