Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨК-ийн 48 мВт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд, 100 мВт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1976-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50мвВт-ын хүчин чадалтай труба генератораар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 198 мВт, дулаанаар 585 гига килокалори/цаг хүрсэн. Нийслэлийн дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг тус тус хангадаг байна. Өвлийн улиралд ДЦС-ууд бэлтгэл тоноглолгүй ажиллаж байгаа нь насжилт өндөртэй тус станцын хувьд техникийн гэмтэл саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөл болохыг салбарын сайд онцлоод, энэ эрсдэлийг бууруулахын тулд станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатайг тэмдэглэв.
Засгийн газар тус станцыг хоёр үе шаттай өргөтгөн шинэчлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан бөгөөд эхний үе шатад цахилгаанаар 50 мВт-ын, дулаанаар 100 гига килокалори/цаг хүчин чадалтай ДЦС шинээр барих, хоёрдугаар үе шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 мВт-ын станцыг буулгаж суурин дээр нь цахилгаанаар 250 мВт-ын, дулаанаар 400 гига килокалори/цаг хүчин чадалтай ДЦС шинээр барих төслийн зургийн ажлыг хийж гүйцэтгэх юм.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны хуралдааны үеэр Оросын талаас “Интер РАО Экспорт” компани тус станцыг өргөтгөн шинэчлэх төсөлд оролцохыг илэрхийлсэн бөгөөд мөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “ДЦС 3” ТӨХК болон “Интер Ровэ Экспорт” компани хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлжээ.
“Интер РАО Экспорт” компани төслийн ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж 2022 оны есдүгээр сард “ДЦС 3” ТӨХК-д хүлээлгэн өгсөн байна. Төслийн нийт төсөвт өртөг болон барилга угсралтын ажлын хугацааг бодитоор тодорхойлохын тулд эхний ээлжид Эрчим хүчний яамнаас “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж харилцан зөвшилцжээ. Монгол Улсын Засгийн газар энэ оны наймдугаар сард хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын, Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороотой зөвшилцсөн бөгөөд Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий сайдын 48 дугаар захирамжаар уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайдад олгосны дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр буюу энэ оны есдүгээр сарын 3-нд гарын үсэг зурсан юм. Хэлэлцээрт төслийн зураг төсөл боловсруулах инженерийн судалгаа шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, захиалагчаар “ДЦС 3” ТӨХК, гүйцэтгэгчээр ОХУ-ын “Интер РОА Экспорт” компанийг томилох асуудлыг тус тус зохицуулахаар тусгасан байна.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ.