Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Хавайд газардсан онгоцны дугуйны хэсгээс хүний цогцос олджээ.
Тодруулбал, Чикагогоос ниссэн "United Airlines"-ын онгоц мягмар гарагт Мауи дахь Кахулуй нисэх онгоцны буудалд газардахад нь онгоцны дугуйны хэсгээс цогцос илрүүлсэн байна. Энэ талаар албаныхан мэдээлэхдээ, "Дугуйны хэсэгт зөвхөн онгоцны гаднаас л нэвтрэх боломжтой байсан. Одоогоор тухайн хүн дугуйны хэсэг рүү хэрхэн, хэзээ нэвтэрсэн нь тодорхойгүй байна" гэжээ. Мөн тус компани хууль сахиулах байгууллагатай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгджээ.