Хиймэл арал дээрх хамгийн том нисэх буудлыг Хятадад барьж байна

Хиймэл арал дээрх хамгийн том нисэх буудлыг Хятадад барьж байна

Хятад улс агаарын тээврийн салбартаа дахин нэг давуу талыг авчрахаар төлөвлөж буй нь хүний ​​гараар бүтээсэн хиймэл арал дээрх дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал ажээ.

Одоогоор тус улсын зүүн хойд эрэгт баригдаж буй “Dalian Jinzhou Bay” олон улсын нисэх буудал нь дөрвөн хөөрөх буух зурвас, 900 мянган хав.дөр.м зорчигчийн терминалтай байх юм. Нисэх буудлын оператор компани 2035 оноос эхлэн жилд 540 мянган нислэгээр 80 сая зорчигч тээвэрлэх зорилт тавьжээ. “Зүүнээс наран мандаж буйтай адил манай улсын хамгийн том далайн нисэх буудал далайн түвшнээс аажмаар дээшилж байна” гэж “Dalian Jinzhou Bay” олон улсын нисэх буудлын “WeChat” хаягт бичжээ. Баригдаж дууссаны дараа энэ нисэх буудал нь Хонконгийн олон улсын нисэх буудал, Японы “Kansai” нисэх буудлыг гүйцэж, хиймэл арал дээрх дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал болно. “Энэхүү төслийг хэрэгжүүлэх явцад инженер-геологийн хүнд нөхцөлтэй тулгарч, өрөмдлөг хийхэд хүндрэлтэй байгаагаас гадна асар богино хугацаанд өндөр чанартай байгууламжийг барихыг зорьж байгаа тул бүтээн байгуулалтын ажилд ихээхэн сорилт тулгарч байна” гэж Далянийн нисэх онгоцны буудлын барилга, хөгжлийн компанийн ерөнхий инженер Ли Шян 10 дугаар сард орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Нийт 7.5 сая хүн амтай Далянь хот нь Япон, Өмнөд Солонгостой ойр оршдог тул зорчигч тээврийн төв байсаар ирсэн юм. Өдгөө 100 орчим жилийн турш үйл ажиллагаа явуулж буй “Dalian Zhoushuizi” нисэх онгоцны буудал нь хүчин чадлын хязгаартаа хэдийнэ хүрсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа өргөтгөсөн гэж “Yicai” сонинд бичжээ. Тус хотын захиргаа 2003 онд шинэ нисэх онгоцны буудал барих газар сонгох ажлыг эхлүүлсэн боловч барилгын ажил хэдхэн жилийн өмнөөс эрчимтэй эхэлсэн гэж Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлж байна.

Шинэ нисэх онгоцны буудал нь Хятадын агаарын тээврийн хөгжлийн гол хэсэг юм. Тус улс АНУ-ыг гүйцэж түрүүлэн, дэлхийн хамгийн том агаарын тээврийн зах зээл болоход ойртож байна. Бээжингийн хоёр дахь нисэх онгоцны буудал болох “Daxing” 2019 оны 10 дугаар сарын 1-нд буюу БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн өдөр нээлтээ хийсэн юм. Тухайн үед Хятадын эрх баригчид "өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд манай улсад 2035 он гэхэд 450 нисэх онгоцны буудал шаардлагатай болно" гэж мэдэгдэж байв.