Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн баг болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хашиж байсан Д.Ган-Эрдэнэ нь төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Улмаар түүнд холбогдох хэрэг Улсын дээд шүүх хүртэл явсан ч тус шүүхээс Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэхээс татгалзсан байдаг. Ингэснээр төрийн нууц үрэгдүүлсэн хэргээр анхан шатны шүүхээс 650 мянган төгрөгийн торгох ял сонссон Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон юм.
Тэгвэл түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна.
Ташрамд өгүүлэхэд, Эрүүгийн тухай хуулийн 19.13 дугаар зүйл, "Төрийн нууцыг үрэгдүүлэх" 1-д "Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.