Т.Азжаргал, Э.Төгөлдөр: Бид хоёр ирээдүйд Монголын урлагийн салбарт шинэ төрөл, жанр гаргах уран бүтээлчид болохыг хүсдэг /ВИДЕО/

Т.Азжаргал, Э.Төгөлдөр: Бид хоёр ирээдүйд Монголын урлагийн салбарт шинэ төрөл, жанр гаргах уран бүтээлчид болохыг хүсдэг /ВИДЕО/

Битбокс хийж, түүнийхээ хэмнэлд тааруулан Рокет бэеийн дууг тун чадварлаг дуулж буй хоёр хүүгийн бичлэг цахим орчинд цацагдаж, олонд танигдсан. Иймд бид уг дууны эзэд болох Т.Азжаргал, Э.Төгөлдөр нартай ярилцлаа. Тэд Нийслэлийн Ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн 8 дугаар ангид суралцдаг бөгөөд урлагийн үзлэгтээ орохоор бэлтгэж байсан нь тэр гэнэ. Ингээд тэдний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Та хоёр анх хэзээ, яаж танилцаж байв. Тэр талаар яриагаа эхэлье?

-Т.Азжаргал: Би энэ сургуульд заргаадугаар ангидаа шилжиж ирсэн. Анх Э.Төгөлдөртэй байрны гадаа танилцаж байсан юм. Зургаадугаар ангиасаа бид хоёр хамт нэг ширээнд суудаг болж, сонирхлоо нэгэндээ ярьсаар долдугаар ангиасаа эхлээд манай найз битбокс хийгээд би дуулдаг болсон. Хааяа би битбокс хийгээд Э.Төгөлдөр дуулах үе ч бий.

-Анхны бичлэгээс нь эхлээд маш олон хүнд хүрч эхэлсэн шүү дээ. Тухайн бичлэг бүтсэн түүхээс бидэнд хуваалцаач?

-Т.Азжаргал: Дуулдаг бичлэгээ анх хийж эхэлсэн сүртэй түүх байхгүй. Урлагийн үзлэгээ бэлдэж байгаад ангийнхан маань пэйж нээгээд хөгжүүлье гэж ярьсан. Тэгээд дуулж байгаа хамгийн эхний бичлэгээ пэйж дээрээ тавья гэж бодсон ч гэсэн түр ангийнхаа охины пэйж дээр тавьсан чинь маш олон хүнд хүрсэн. Тэр үд урлагийн үзлэгээ бэлчихээд л тараад явж байсан юм.

-Хүмүүс ихэвчлэн ямар сэтгэгдэл үлдээсэн байна вэ?

-Э.Төгөлдөр: Бид хоёр бараг бүх комментүүдийг нь нэг бүрчлэн уншдаг. Хүмүүсээс гоё комментүүд маш их ирж байгаа. Тэгэх тусам илүү олон бичлэг хийх урам зориг авч, ахиад 4-5 дуу хийгээд постолчихсон байгаа.

-Анх дуу хэрхэн дуулж, хэрхэн битбокс хийж сурсан юм бэ?

-Т.Азжаргал: Багадаа машин дотор Рокет бэеийн дуунуудыг сонссоор байгаад дуулж сурсан. Түүний дуунууд ихэнх нь далд утга санаатай, гоё дуунууд хийдэг юм шиг санагддаг. Бас Монголд байдаг ямар ч үзэн ядалтгүй ганц раппер гэж боддог. Хүмүүс сөрөг юм бичдэггүй. Дандаа л эерэг юм бичсэн байдаг.

Тийм болохоор Монголоос Рокет бэеээс л хамгийн их үлгэр дуурайлал авдаг даа.

-Э.Төгөлдөр: Би тавдагаар ангидаа анх утас аваад Тикток үзэж эхэлсэн. Тухайн үед хүмүүсийн битбокс хийж байгааг хараад “ямар гоё юм бэ, сурах юм сан” гэж бодож, хичээнгүйлэн давтсаар битбокс хийж сурсан.

-Бичлэгээ хэрхэн хийдэг вэ?

-Э.Төгөлдөр: Манай ангийн х.Урангоо гээд охин манай зураглаачийг хийдэг. Сүүлийн үед бичлэг хийх зохиол дээрээ их анхаарч байгаа. Бичлэгээ хийхдээ модны урд зогсох уу, сууж байгаад хийх үү эсвэл нэг юмнаас зүүгдэж байгаад хийх үү гэх мэтчилэн нэг хоногийн өмнөөс бичлэг хийх зохиолоо боддог болсон. Гэхдээ анхны бичлэгээ хийхдээ огт бичлэг хийе гэж бодоогүй байсан. Тэгээд манай ангийн х.Урангоо гэдэг охин бичлэг хийе гээд л дуулж байгаагаа бичлэг болгосон юм. Түүнээс хойш нэг хоногийн өмнө ямар дууг, ямар зохиолтой хийхээ ярилцаад хийдэг болсон.

-Ойлголцохгүй үе их гардаг уу?

-Т.Азжаргал: Бид хоёрт ойлголцохгүй зүйл их гардаг. Би хурдан үглэхэд бит зөрөх эсвэл би битбокстоо тааруулахгүй дуулах ч юм уу асуудлууд хааяа гарна.

-Бичлэг нь олон хүмүүст хүрч гоё коммент сэтгэгдлүүд их ирэхээр та хоёр өөрсдөд нь ямар санагдаж байна?

-Э.Төгөлдөр: Бид хоёрт бол гоё санагдаж байгаа. Эхний бичлэг дээр одоо бараг 1000 коммент байгаа хэрнээ бүгд л магтсан, урамшуулсан коммент байна лээ.

-Та хоёр өөрсдөө дуу зохиодог уу?

-Э.Төгөлдөр. Бид хоёр сая нийлээд дэвтрийн гол цаасан дээр нэг дууны үг бичиж үзсэн. Бид хоёрыг тоож ямар нэгэн лабел ч юм уу холбогдвол өөрсдийнхөө үгээр дуу хийхийг хүсэж байгаа.

-Та хоёр ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Т.Азжаргал: Монголд шинэ урсгал авч ирэхийг хүсдэг. Рокет бэе зэрэг бидний одоо сонсож байгаа уран бүтээлчид хэзээ нэгэн цагт хөгширч дуу хийхээ болино. Дараагийн залуу дуучид угаасаа гарч ирнэ. Тийм болохоор бид хоёр түүнийг нь үргэлжлүүлэх артист болохыг маш их хүсэж байгаа.

-Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?

-Т.Азжаргал: Манай аав ээж хоёр их сайн дэмжиж байгаа.

-Э.Төгөлдөр: Манай аав ээж хоёр бас л сайн дэмжиж байгаа. “Миний хүү мундаг шүү. Илүү олон бичлэг хийгээрэй. Больж, шантарч болохгүй шүү гэдэг.

-Ямар нэгэн студиэс та хоёртой хамтрахаар холбогдвол та хоёр ямар хариу өгөх вэ?

-Э.Төгөлдөр: Хэрвээ ямар нэгэн агентлагаас бид хоёрт хамтарч ажиллах санал ирвэл шууд зөвшөөрнө. Багаасаа ямар нэгэн студитэй хамтраад дуу хийхийг хүсдэг байсан болохоор шууд л зөвшөөрөх байх. Ямар ч эргэлзээгүй.

-Та хоёр цаашдаа бүр хамтлаг болоод уран бүтээл хийхийг хзсдэг үү?

-Т.Азжаргал: Надад үнэхээр гоё санагдсан нэг коммент байсан. Та хоёр нийлээд хамтлаг байгуулбал үнэхээр сайн дэмжинэ гэсэн хэд хэдэн коммент байна лээ. Тэд нарыг уншаад л нэг студитэй хамтраад дуу хийх юм сан гэж их бодсон.

Бид хоёрын төлөвлөж байгаа зүйл нь амьд хөгжим, раппер, битбокс гурвыг хольж шинэ урсгал Монголд авч ирэх.

-Цаашдаа богино хэмжээний дуулж байгаа ковер бичлэгүүдээ үргэлжлүүлээд хийх үү?

-Т.Азжаргал: Цаашдаа илүү өвөрмөц рийл хийнэ гэж бодож байгаа. Дан ганц битбокс хийгээд дуулаад байхаар хүмүүс мэдээж уйдна. Тийм болохоор хоёр бичлэг адилхан явсан бол гурав дахиас нь арай өөр шинэ зүйл туршдаг ч юм уу тэгж явна гэж төлөвлөж байгаа.

-Үзлэх, битбокс хийх сонирхолтой хүүхдүүдэд та хоёр юу гэж зөвлөмөөр байна?

-Т.Азжаргал: Үглэх сонирхолтой хүүхэд байвал анхааруулж хэлэхэд нэгдүгээрт үгээ маш тод, зөв хэлэх хэрэгтэй. Мөн хэрвээ том хүний дуу коверлож байгаа бол том хүний үг орсон хэсгийг ямар нэгэн үгээр орлуулж дуулахгүй бол бидний насанд арай болохгүй шүү гэж хэлмээр байна.

-Э.Төгөлдөр: Хэрвээ битбокс сурч, бид хоёртой адилхан бичлэг хийхийг хүсэж байвал битгий шантраарай гэж хэлмээр байна. Битбокс сурах чинь үнэхээр хэцүү. Тийм болохоор битбокс сурч байгаа хүүхдүүд байвал битгийн шантраарай.

-Т.Азжаргал: Рокет бэе ах үзэж байгаа бол таны хувийн оюуны өмчид халдаж, зөвшөөрөлгүй дууг нь коверлож дуулж байгаад уучлаарай.

-Э.Төгөлдөр: Хэрвээ ямар нэгэн студийн хүмүүс үүнийг уншиж байгаа бол бид хоёрыг хараандаа аваарай л гэж хүсье дээ.