“Эрдэнэс Тавантолгой” ХК өчигдөр /2024.12.13/ Монголын Хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 80 багц буюу 512 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг арилжлаа.
Тэд БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр тус нүүрсийг арилжсан байна. Арилжаанд нийт гурван худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 72.1 ам.доллароос эхлэн дуудаж, 72.6 ам.долларт хэлцэл хийгдсэн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны арванхоёрдугаар сарын 13-нийг хүртэлх хугацаанд нийт 115 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.84 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25 сая тонн нүүрс борлуулаад буй ажээ.
Түүнчлэн, УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах тухай хуулийг баталснаар 2023 оноос эхлэн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж эхэлсэн бол 2024 оны дөрөвдүгээр сараас “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баямалыг арилжаалж эхэлсэн.