МАН хоёр жилийн өмнө эхлүүлж, 7 хоногийн дараа гарын үсэг зурах байсан “Евроазийн эдийн засгийн холбоо”-ны хэлэлцээгээ Л.Гантөмөрөөр гүйцэтгүүлж, өөрсдөө “нэр цэвэр” үлдэх нь

МАН хоёр жилийн өмнө эхлүүлж, 7 хоногийн дараа гарын үсэг зурах байсан “Евроазийн эдийн засгийн холбоо”-ны хэлэлцээгээ Л.Гантөмөрөөр гүйцэтгүүлж, өөрсдөө “нэр цэвэр” үлдэх нь

Яг долоо хоногийн дараа буюу энэ сарын 21 /2024.12.21/-ний өдөр Монгол Улс “Евроазийн эдийн засгийн холбоо”-той хэлэлцээ хийж, Шадар сайд С.Амарсайхан гарын үсэг зурах гэж байжээ. Гэвч энэхүү мэдээлэл 7 хоногийн өмнөөс олон нийтийн анхаарлын төвд орж, үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулаад байна. Мөн УИХ-ын гишүүд ч энэ асуудлыг хатуу шүүмжилж байгаа юм.

-ЕВРОАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ ОРНУУД МАНАЙД 2.5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БАРАА ИМПОРТОЛЖ, МАНАЙХ 143 САЯЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТОЛЖЭЭ-

Учир нь “Евроазийн эдийн засгийн холбоо”-той худалдааны хэлэлцээр хийснээр тус холбооны гишүүн орнууд болох Орос, Беларусь, Казахстан, Армен, Киргиз гэсэн таван орны 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн манайд татваргүй орж ирэх юм. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчид хаалгаа барихаас аргагүй байдалд хүрнэ.

Тодруулбал,  Монгол Улс 2023 оны байдлаар Евроазийн эдийн засгийн холбооны таван гишүүн улсаас нийт 2.5 тэрбум ам.долларын бараа импортолж, 143 сая ам.долларын барааг экспортолсон байна.

Энэ нь манай нийт импортын 26 хувь, нийт экспортын 0.9 хувийг эзэлж байгаа бөгөөд бараа эргэлтийн харьцаа 95:5 байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидэнд Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад экспортлох бараа бүтээгдэхүүн байхгүй бөгөөд бидэнд энэхүү хэлэлцээр ямар ч ашиггүй. Харин ч эсрэгээрээ дотоодын хүнс үйлдвэрлэгчдэд халтай гэсэн үг юм. Цаашлаад, хүнсний аюулгүй байдал алдагдаж, аль нэг улсын хараат байдалд орох эрсдэлтэй юм.

-ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ ЭХЛҮҮЛСЭН ХЭЛЭЛЦЭЭГЭЭ Л.ГАНТӨМӨРИЙГ ЭХЛҮҮЛСЭН МЭТЭЭР МАН-ЫН ГИШҮҮД ЯРЬЖ АСУУДЛЫГ ӨӨРСДӨӨСӨӨ ХОЛДУУЛЖ ЭХЛЭВ-

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины 2014 онд байгуулсан Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээр хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн гэдгийг Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр тодотгож. Тэрбээр, “хэлэлцээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд таван удаагийн хэлэлцээр явсан байх. Одоо эцсийн шатандаа орсон. Юм болгон эцсийн шатандаа орсны дараа гэнэт ухаарсан юм шиг тал, талд мэдэгдэл хийж, бослого гаргадгаа болих хэрэгтэй” гэсэн юм.

ВИДЕО: 

Тодруулбал, МАН сүүлийн 8 жилийн хугацаанд парламентад үнэмлэхгүй олонх болж, Засгийн газрыг удирдсан бөгөөд Евроазийн эдийн засгийн холбоонд нэгдэх, хэлэлцээрт гарын үсэг зурах асуудал 2022 оноос яригдаж эхэлсэн байна. Гэтэл өнөөдөр хэрэг бишдээд эхлэхээр эрх баригчид бүх асуудлыг Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр рүү чихэж, Л.Гантөмөр л “Евро Азийн эдийн засгийн холбоо”-ны хэлэлцээрт гарын үсэг зурах асуудлыг санаачлан хэрэгжүүлж байгаа мэтээр ярьж эхлэв.

Эрх баригчид сонгуулийн дараа АН, ХҮН намуудтай нийлж, хамтарсан Засгийн газар байгуулсан нь учиртай байж. Цахилгаан, дулааны үнийн нэмэгдлийг Т.Доржханд тайлбарлаж, галыг өөртөө авсан бол Евроазийн эдийн засгийн холбоотой гэрээ байгуулах ажлыг Л.Гантөмөрөөр гүйцэтгүүлж, өөрсдөө “нэр цэвэр” үлдэх нь.

Нэг үгээр хэлбэл, эрх баригчид, МАН-ын удирдлагууд Евроазийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр хийхээр хоёр жилийн турш бэлдэж, таван удаа уулзалт хийчихээд өнөөдөр Л.Гантөмөр энэ бүхнийг санаачлан хэрэгжүүлж буй мэтээр олон нийтэд ойлгуулж байна.

Тухайлбал,  Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрт энэ оны арваннэгдүгээр сарын 11 /2024.11.01/-ний өдөр тус хэлэлцээрт нэгдэх эсэхтэй холбоотой санал хүргүүлэхдээ “Таны ирүүлсэн Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулах Худалдааны түр хэлэлцээрийн төсөлтэй танилцаад дараах саналыг хүргүүлж байна” хэмээн тодотгожээ.

Сангийн сайд Б.Жавхлан санал хүргүүлжээ

Мөн УИХ-ын чуулган дээр Л.Гантөмөрт бурууг өгч байсан ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хоёр жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга байсан. Л.Энх-Амгалан Боловсрол шинжлэх ухааны сайд, Засгийн газрын гишүүн байсан. Тэд, Монгол Улс “Евроазийн эдийн засгийн холбоо”-той хэлэлцээр хийх асуудлыг эртнээс мэдэж байсан хэрнээ өнөөдөр Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр л энэ бүхнийг хийж байгаа мэтээр ярьж буй нь энэ долоо хоногийн онцлох сэдэв байв.