Засгийн газар "Монголын зэс корпораци”-тай хэлэлцээрийн ширээний ард сууж, төр, хувийн хэвшлийн түншлэлээ хадгалахаар шийдсэн бололтой

Засгийн газар "Монголын зэс корпораци”-тай хэлэлцээрийн ширээний ард сууж, төр, хувийн хэвшлийн түншлэлээ хадгалахаар шийдсэн бололтой

Одоогоос найман жилийн өмнө буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Монголын зэс корпораци” Эрдэнэт үйлдвэрээс ОХУ-ын эзэмшдэг 49 хувийг 400 сая.ам доллараар худалдан авч байлаа. Гэвч УИХ-ын сонгуулийн дараа Засаг солигдож, “Монголын зэс корпораци”-н худалдаж авсан 49 хувийг эзэмших парламентын тогтоолыг хүчингүй болгож, 100 хувь төрд авах шийдвэр гаргасан юм. Түүнээс хойш “Монголын зэс корпораци”, Монгол Улсын Засгийн газартай шүүхдэлцэж байгаа билээ. Тодруулбал, тус компани тухайн үеийн Засгийн газрын тэргүүн “худалдан авах ажиллагааг хууль зөрчин зохион байгуулсан” гэдэг байр суурин дээр хатуу зогссоор байгаа юм.

Тэгвэл энэхүү маргаан эцэслэн шийдэгдэх шатандаа оржээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024.11.19-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан гэх талтай хэлцэл хийн санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах захирамж гаргажээ.

Түүнчлэн, ажлын хэсгийн ахлагчаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Тувааныг томилж, ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар багтсан байна. Өнгөрсөн хугацаанд Сангийн сайд Б.Жавхлан тус ажлын хэсгийг ахалж, хоёр удаагийн хэлцлээр “Монголын Зэс Корпораци”-д тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлсөн аж. Энэ нь хэлцэл нааштайгаар шийдвэрлэгдэхэд томоохон түлхэц болсон гэх. Улмаар Монгол Улсын Засгийн газар “Монголын зэс корпораци”-тай хэлэлцээрийн ширээний ард сууж, төр, хувийн хэвшлийн түншлэлээ хадгалахаар шийдсэн бололтой.

Тус ажлын хэсэг нь мөн Оюутолгой ХХК-тай холбоотой үүссэн татварын маргааныг эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй аж. Монгол Улсын Засгийн газар энэ бүх асуудлыг яаралтай шийдвэрлэхээр зорьж буй нь 2025 оны гуравдугаар сард Канад улсын Торонто хотноо болох PDAC форумын үеэр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай үүссэн маргаануудыг дуусгавар болсныг зарлах юм байна. Улмаар “Монголын зэс корпораци”-тай үүссэн маргаан шийдвэрлэгдсэн хэмээх мессеж дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ” гэж Засгийн газрын тэргүүн найдаж байгаа ажээ.