Ж.Батсуурь: Эхний ээлжид 80 биш, 50 хүртэлх метр квадрат орон сууцанд ипотекийн зээл олгодог болно

Ж.Батсуурь: Эхний ээлжид 80 биш, 50 хүртэлх метр квадрат орон сууцанд ипотекийн зээл олгодог болно

"Хот байгуулалтын форум 2024" арга хэмжээ өчигдөр зохион байгуулагдсан.

Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь "Эхний ээлжид 80 метр квадрат биш, 50 хүртэлх метр квадрат орон сууцанд олгодог болно. 50 метр квадрат байранд хүн амьдарчихна шүү дээ. Дээр нь анх удаа байр авч буй залуу гэр бүлийн орлогод нь нийцсэн байдлаар олгохыг зорьж байна. Үүний цаана айл болгоны янданг бууруулж байх ёстой. Ипотекийг бизнес болгохгүй байх нь чухал. Орлогод нийцсэн орон сууцыг залуу гэр бүл, дан ялангуяа орон нутагт өгөх нь зүйтэй. Хуучин ипотекийн зээлийг Улаанбаатар хотын оршин суугчдад л өгөөд байсан. Харин одоо 50 хувийг нь хөдөө орон нутагт олгох хэрэгтэй байна. Түүнчлэн орон нутаг руу шилжин суурьшиж, тогтвортой ажиллаж байгаа хүмүүст хүүгийн хөнгөлөлт өгнө. Хөдөөгийн аймаг, суманд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанарыг хотынхонтой адилхан болгочихвол Улаанбаатарын түгжрэл суларна. Нийслэл рүү л очвол ажилтай, орон сууцтай болно гэсэн хандлагаа өөрчилье. Өнөөдрийн Улаанбаатарын түгжрэл, хөрс, агаарын бохирдлыг хэмнэхэд бүх хүн хувь нэмрээ оруулж байгаа юм. Төв л бараадвал миний амьдрал сайжирна гээд ямар ч бодлогогүй явж иржээ. Өөртөө ч тээртэй, бусдад ч тээртэй" гэв.