Татварын байцаагчид хахууль өгсөн “Шинжиан шинфа”-гийн захирлын хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо

Татварын байцаагчид хахууль өгсөн “Шинжиан шинфа”-гийн захирлын хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” компаний эзэн Сүн Гуан Чен болон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Энхжаргал нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзлаа. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс “Шинжиан шинфа” ХХК-ийн 2017-2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж 3.8 тэрбум төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулж, тайландаа тусгаагүйг илрүүлсэн байдаг. Татварын ерөнхий хуулийн дагуу татвар ногдох орлого, хүү, алдангийг нь нөхөн төлүүлж, тодорхой хэмжээний торгууль ногдуулах ёстой. Гэтэл “Шинжиан шинфа”-гийн захирал Сүн Гуан Чен зөрчлийн дүнг 119 сая болгон бууруулсан акт тогтоолгохын тулд татварын улсын байцаагч Ж.Энхжаргалд 400 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.долларыг хахууль болгон өгч, татвараас зайлсхийсэн гэх хэрэгт буруутгагдсан юм. 

Улмаар тус хэргийг өнгөрсөн долдугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Сүн Гуан Ченд 14 сая төгрөгөөр торгох ял оноосон бол татварын байцаагчийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хорихоор шийдвэрийг гаргасан бол Нийслэлийн давж заалдах шатны шүүх тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. 

Харин Улсын дээд шүүх тус хэргийг хэлэлцэхээс татгалзсан тул тухайн хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо.